Триполи хотод дэгдсэн хүчирхийллийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл зэмлэн буруушаалаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-09-07 15:25:23
НҮБ. /Синьхуа/. Хэдэн өдрийн өмнө Ливийн нийслэл Триполи хотод гарсан хүчирхийллийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл зэмлэн буруушааж, сөргөлдөөнийг хүлцэн тэвчиж, энгийн иргэдийг хамгаалахыг бүх талуудад уриаллаа.

Асуудлыг цэргийн хүчээр шийдвэрлэх боломж байхгүй гэдгийг Аюулгүйн Зөвлөлийн мэдэгдэлд онцлон дурдсан байна.

Өнгөрсөн сарын 26-нд засгийн газрын цэргүүд болон зэвсэгт босогчдын хооронд болсон мөргөлдөөний үеэр  орон сууцны хорооллуудад танк, хүнд их буу хэрэглэсний улмаас 60 гаруй иргэн амиа алдаж, 159 хүн шархадсаны зэрэгцээ 1800 гаруй айл өрх орон гэрээ орхин дүрвэхээс аргагүйд хүрчээ.

9 дүгээр сарын 4-нд Гассан Саламе тэргүүтэй Ливи дэх НҮБ-ын дэмжигч байгууллагын зуучилснаар гал зогсоох хэлэлцээ амжилттай болсон юм.

Аюулгүйн Зөвлөлийн гишүүд Триполи хот болон Ливийн бусад нутагт хүмүүнлэгийн нөхцөл байдал хүндэрч байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлсний зэрэгцээ энгийн иргэдийг хамгаалах, тэдэнд хүмүүнлэгийн тусламжийг саадгүйгээр хүртээх зэрэг олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхийг сөргөлдөгч бүх талуудад уриалсан байна.
Э.Хулан

 
Связанные новости