Улаан лоолиор байлдах баярыг тэмдэглэн өнгөрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2018-08-30 11:31:17
МАДРИД. /Эн-Эйч-Кэй/. Лхагва гарагт Испанийн зүүн нутгийн Бунол хотод жил бүрийн зун зохион байгуулдаг “Ла Томатина” хэмээх улаан лоолиор байлдах баярт олон мянган хүн оролцсон байна. Энэ үеэр 145 тонн улаан лооль ашиглажээ.

Бунол хотын хэдэн залуу дэлгүүрээс улаан лооль худалдаж аваад, бие бие рүүгээ шидэж тоглосноор энэхүү баяр анх үүссэн байна.

Энэ жилийн баярт гадаадын 22 мянга гаруй хүн оролцохоор ирсэн бөгөөд цөөн хүн амтай тус хотод 9000 гаруй оршин суугч амьдардаг ажээ.

Баярын үеэр болц нь хэтэрсэн 145 тонн улаан лоолийг ачааны тэргүүдээр авчирсан бөгөөд баярт оролцогчид тун удалгүй улаан өнгөөр будагджээ. Зарим хүн няцарсан улаан лооль болон их хэмжээний шүүсэн дээр хэвтэж үзэж байжээ.  

Филиппин улсын нэгэн иргэн зөвхөн энэхүү баярт оролцохын тулд Испани улсыг зорин ирсэн аж. “Ийм баярт өмнө нь оролцож байгаагүй болохоор маш сайхан байна” гэж тэрбээр хэлжээ.

Энэ наадмыг зохион байгуулагчид террорист халдлагаас сэрэмжлэх үүднээс аюулгүй байдлыг өндөр түвшинд хангаж ажилласан байна.
Э.Хулан
 
Связанные новости