Мексик улсыг сонирхон аялах жуулчдын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-08-20 10:23:06
МЕХИКО. /Синьхуа/. Мексик улс энэ оны эхний хагасын байдлаар гадаадын 20.6 сая жуулчин татаад байна гэж тус улсын аялал жуулчлалын яамнаас ням гарагт мэдээлэв. Энэ тоог өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 7.3 хувиар өссөн үзүүлэлт болсон байна.

Энэ оны нэгээс зургадугаар сард жуулчид нийт 11.582 тэрбум ам.доллар зарцуулсан ажээ. Үүний зэрэгцээ дээрх хугацаанд 9.5 сая мексик иргэн гадаадын улс орнуудаар аялаад байгаа ба үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 11.4 хувиар өссөн аж.

Мексик улс нь 2017 онд гадаадын 39.3 сая жуулчин татсан нь Герман, Их Британи болон Турк зэрэг улсуудын урд жагсаж, хамгийн олон жуулчин татсан дэлхийн зургаа дахь улс болох боломж бүрдүүлсэн тухай тус улсын засгийн газраас гаргасан тайланд мэдээлсэн байна.

“Манай улс энэ онд 41 сая жуулчин хүлээж авахаар төлөвлөөд байна” гэж Мексик улсын аялал жуулчлалын сайд Энрике де ла Мадрид өнгөрсөн долдугаар сарын 4-нд мэдэгджээ.

Өнгөрсөн онд энэ салбараас олсон гадаад орлогын хэмжээ 21.3 тэрбум ам.доллар байсан ба энэ онд үүнийг 7 хувиар өснө хэмээн төлөвлөөд байгаа юм байна.
 
Э.Хулан
 
Связанные новости