Хүчтэй газар хөдлөлтийн улмаас олон арван хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-08-06 09:49:55
ЖАКАРТА. /Синьхуа/. Индонезийн Ломбок арал дээр өчигдөр буюу ням гарагийн орой 7.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 82 хүн амиа алдаж, олон мянган байшин барилга сүйдсэний зэрэгцээ олон зуун хүн бэртэж гэмтээд байгаа тухай тус улсын засгийн газрын төлөөлөгч даваа гарагт мэдээлэв.

Хүчтэй газар хөдлөлт нь олон мянган хүн гэр орноо орхин явахад хүргэсэн бөгөөд бэртэж гэмтсэн хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилсээр байна гэж тус улсын гамшгийн уршгийг арилгах асуудал эрхэлсэн үндэсний агентлагийн хэвлэлийн албаны төлөөлөгч Сутопо Пуруо Нугрохо мэдээлжээ.

Уг газар хөдлөлтөд Ломбок Утара дүүрэг хамгийн их өртсөн бөгөөд Ломбок Тимур дүүрэг болон баруун Нуса Тенггара мужийн нийслэл Матарам хот зэрэг нь жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг Ломбок арал дээр оршдог ажээ.

Гэмтэж бэртэгсдийн олонхи нь барилгын нурангийн хэлтэрхий болон өөр бусад зүйлст өртөж гэмтсэн байна. Мөн ойролцоох Бали арлын Өмнөд Жава дүүрэгт хүчтэй доргилт болж, оршин суугчдыг орон гэрээсээ сандран гарцгаахад хүргэсэн бөгөөд худалдааны төв зэрэг барилгууд сүйджээ.

Нүүлгэн шилжүүлэх хийгээд аврах ажиллагаа харанхуйд өрнөсөн бөгөөд газар хөдлөлтийн улмаас харилцаа холбооны сүлжээ доголдсон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн байна.

Орон нутгийн цагаар оройны 18:46 цагт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа нийт 47 удаа доргилт, чичиргээ мэдрэгдсэн гэж тус улсын цаг уур, геофизикийн агентлагийн мэргэжилтэн Юусуф Хайдар Али мэдээлжээ.

Өнгөрсөн долдугаар сарын 29-нд тус аралд мөн хүчтэй буюу 6.4 магнитудын газар хөдлөлт болж, 17 хүн амь үрэгдэж, 365 хүн бэртэж гэмтсэн ба 8871 хүнийг нүүлгэн шилжүүлж, 14940 байшин барилга сүйдээд байсан юм.
Э.Хулан
 
Связанные новости