Дэлхийн удирдагчид Дохагийн тунхаглалыг баталлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2025-11-05 15:31:25

ДОХА, 2025 оны арваннэгдүгээр сарын 5 /Kazinform/. Геополитикийн байдал хурцдаж, дэлхий даяар тэгш бус байдал нэмэгдэж буй энэ үед дэлхийн удирдагчид Нийгмийн хөгжлийн асуудлаарх хоёрдугаар дээд хэмжээний уулзалтаар илүү шударга, хүртээмжтэй нийгэм байгуулахын төлөө дэлхийн нийтээр тавьсан зорилтыг дахин нотолж, “Дохагийн улс төрийн тунхаглал”-ыг баталлаа.


Катарын нийслэл Доха хотноо болсон дээд түвшний уулзалтад дэлхийн 40 гаруй орны төр, засгийн тэргүүн, 170 сайд, олон улсын байгууллагуудын удирдлага, залуусын хөдөлгөөн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон шинжээчид зэрэг нийт 14 мянга гаруй хүн оролцжээ.


Уг баримт бичигт 1995 оны Копенхагений тунхаглалын зарчим болон 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлэх дэлхийн удирдагчдын үүрэг амлалтыг дахин нотолжээ. Мөн ядуурлыг устгах, хөдөлмөр эрхлэлт, бүх хүнийг зохистой ажлын байраар хангах, мөн илүү хүртээмжтэй нийгмийг цогцлоох гэсэн харилцан бие биеэ нөхөх гурван чиглэлд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тодорхойлсон байна. Түүнчлэн нийгмийн шударга ёсыг энх тайван, аюулгүй байдал, хүний эрхтэй уялдуулж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх яаралтай арга хэмжээ авахыг уриалжээ. 


Тунхаглалд санхүүжилтийн асуудалд онцгой анхаарал хандуулж, Аддис-Абебагийн үйл ажиллагааны хөтөлбөрийг 2030 оны хөтөлбөрийн салшгүй хэсэг гэж үзэж байгааг дахин нотолж, санхүүгийн зохицуулалтыг шинэчлэх тухай Севиллийн хэлэлцээрийг сайшааж, олон талт тогтолцоог бэхжүүлэхийг уриалсан байна.


ЭКОСОС буюу НҮБ-ын эдийн засаг, нийгмийн зөвлөл тунхаглалын заалтуудын хэрэгжилтийг  хянах ажээ.


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх үйл явц хэт удаан байгааг анхааруулсан юм.  Дохагийн улс төрийн тунхаглал бол хөгжлийн түлхэц мөн гэж тэрбээр хэлээд, уг тунхаглалыг  бүх нийтийн нийгмийн хамгааллыг өргөжүүлэх, эрүүл мэнд, боловсролын тэгш хүртээмжийг хангах, дижитал ялгааг арилгах зорилготой "хүмүүст зориулсан төлөвлөгөө" гэж нэрлэсэн байна.


Дохагийн дээд хэмжээний уулзалт Копенхагенд өгсөн амлалтыг биелүүлэх улс төр, санхүүгийн хүсэл зоригийг дайчлах зорилготой гэдгийг Ерөнхий нарийн бичгийн дарга онцолжээ.


Нийгмийн хөгжлийн асуудлаарх II дээд түвшний уулзалт 11 дүгээр сарын 4-6-ны өдрүүдэд Катарт болж байна. Уулзалтын өмнө Нийгмийн хөгжлийн шийдлийн форум болон Өлсгөлөн, ядуурлын эсрэг дэлхийн холбооны удирдагчдын анхны уулзалтын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлжээ. 



Связанные новости