Токио хотын захын бүсэд баригдаж буй барилгын талбайд гал түймэр гарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-27 09:52:11
ТОКИО. /Киодо/. Японы Токио хотын захад оршдог Тама хотод барьж буй нэгэн барилгын талбай дээр пүрэв гарагт гал түймэр гарч, ажилчид битүү утаанд автсаны улмаас 5 хүн амиа алдаж, 40 орчим хүн бэртэж гэмтээд байгаа тухай “Киодо” агентлаг мэдээлэв.

Бэртэж гэмтсэн ажилчдын дотроос 30 орчим хүний биеийн байдал нэлээд хүнд байна гэж Токиогийн гал түймэртэй тэмцэх газраас мэдээлсэн байна.

Гал гарсан барилга нь 7 давхар бөгөөд гурван давхар нь газар дээр, харин дөрвөн давхар нь газар доор баригдаж байгаа аж. Уг барилгын талбайд 320 орчим ажилчин ажиллаж байжээ. “Ажилчид гуравдугаар давхарт ган хүрээг зүсэж тасдах үеэр тусгаарлагч материал руу оч үсэрч, гал авалцсан байна” гэж цагдаагийн газрын төлөөлөгчид мэдээлжээ.

Нийт 17500 хавтгай дөрвөлжин метр талбайтай барилгын 5000 орчим нь гал түймэрт сүйдсэн аж. Уг түймрийг унтраахад 6 цаг зарцуулсан байна.
Э.Хулан
 
Связанные новости