Өмнөд Солонгост аялсан жуулчдын тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-25 16:57:07
СӨҮЛ. /Ёнхап/. Энэ оны эхний зургаан сарын байдлаар Өмнөд Солонгосыг сонгон аялсан гадаадын жуулчдын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн тухай тус улсын аялал жуулчлалын агентлаг лхагва гарагт мэдээлэв.

Энэхүү өсөлт нь хоёр Солонгосын харилцаа зөөлөрсөн хийгээд Хятадын аялагчдын тоо нэмэгдсэнтэй холбоотой хэмээн үзэж байна. Солонгосын аялал жуулчлалын байгууллагын тооцоолсноор, энэ он гарсаар нийт 1.28 сая жуулчин тус улсыг сонгон аялаад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 29.3 хувиар өссөн үзүүлэлт ажээ.

Өнгөрсөн оны гуравдугаар сард АНУ-ын пуужингаас хамгаалах системийг нутагтаа байрлуулсны хариуд Хятад улс иргэдээ Өмнөд Солонгос руу аялахыг хориглосон бөгөөд уг хоригийг тухайн оны сүүлээр цуцалсан билээ.

Япон жуулчдын тоо 40.2 хувиар өссөн бол Ази болон Ойрхи Дорнодын бусад орны жуулчдын тоо 24.3 хувиар өссөн ажээ. Тайван жуулчдын тоо 31.9 хувиар өссөн бол Хонконгоос тус улсыг зорин ирсэн аялагчдын тоо 12.9 хувиар өсжээ.

Европ тивийн орнууд, АНУ болон дэлхийн бусад улс орны жуулчдын тоо 6.2 хувиар өссөнийг хоёр Солонгосын харилцаа сайжирсан хийгээд өнгөрсөн зургадугаар сарын 12-нд болсон АНУ-Умард Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар Солонгосын хойгийг сонирхох нь нэмэгдсэнтэй холбоотой гэж үзэж байгаа аж.

Үүний зэрэгцээ, Өмнөд Солонгосоос гадаадын орнууд руу 2.32 сая хүн аялаад байгаа бөгөөд энэхүү үзүүлэлт нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөн 10.8 хувиар өссөн байна.

Э.Хулан
 
Связанные новости