Амиа золиослогч этгээд зуу гаруй хүний аминд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-16 18:01:30
ИСЛАМАБАД. /Синьхуа/. Пакистан улсын баруун өмнөд хэсэгт оршдог Балучистан мужийн Мастунг дүүрэгт өнгөрсөн баасан гарагт болсон сонгуулийн кампанит ажлын үеэр биедээ санаатайгаар тэсрэх бөмбөг авч яваад дэлбэлсэн амиа золиослогч этгээд 149 хүний аминд хүрээд байгаа тухай даваа гарагт тус орон нутгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.
 
“Дэлбэрэлтийн улмаас 186 хүн гэмтэж бэртээд байгаа бөгөөд Пакистан улсын түүхэнд байгаагүй томоохон халдлагуудын нэг боллоо. Харамсалтайгаар амиа алдагсдын дунд 6-11 насны есөн хүүхэд байсан бөгөөд одоогийн байдлаар 70 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Тэдний дундаас таван хүний биеийн байдал тун хүнд байна” гэж Мастунг дүүргийн цагдаагийн газрын дэд комиссар Каим Лашари мэдэгджээ.

Өнгөрсөн баасан гарагт болсон уг халдлага нь нэр дэвшигч Навабзада Сирадж Раисани-гийн аминд хүрэх зорилготой байсан бөгөөд тэрбээр халдлагын үеэр харамсалтайгаар амь үрэгдсэн ажээ. “Исламын улс” террорист бүлэг нь өөрийн цахим хуудсаараа дамжуулан дээрх халдлагыг үйлдсэнээ зарласан байна.
 
Э.Хулан
 

Связанные новости