Амралтын өдрүүдэд авто ослоор хоёр хүний амь энджээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 1-ний өдөр нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 427 дуудлага хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 283 дуудлага мэдээллийг шалгаж шийдвэрлэв. Гарсан зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 12 осол, мөргөлдсөн 8 осол бүртгэгдсэн байна. Дээрх тоон үзүүлэлтүүдээс харахад орон нутгийн замд онхолдох хэлбэрээр, нийслэл хотод явган зорчигч мөргөж гэмтээх осол дийлэнх хувийг эзэлж байгаа аж. Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурдахад, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Намъянжүгийн гудамж “Баясах” трейдийн баруун замд "T.landcruiser-100" маркийн автомашины жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас явган зорчигч 66 настай Л-г мөргөж амь насыг нь хохироожээ. Мөн орон нутагт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг “Сүүжийн даваа” гэх газар асфальтан замд "T.Pruis" маркийн автомашин онхолдож, зорчигч 22 настай М-ийн амь нас хохирч, дөрвөн хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна .
Ж.Батсайхан
Ж.Батсайхан

