Хаягдал яснаас биодизель түлш гарган авах боломж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-06-21 17:59:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад малын гаралтай түүхий эдээ боловсруулан, ашиг шимийг хүртэх бизнесийн олон төрлийн боломж байгааг МҮХАҮТ-аас зохион байгуулсан бизнес аялалд оролцогчид хэлж байна.
 
Бизнесийнхний төлөөллийн байгууллага МҮХАҮТ-аас шинэ гишүүн компани, ААН-үүдээрээ орж үйл ажиллагаатай нь танилцах бизнес аялал зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаа малын яс боловсруулдаг “Бөхөг-Тулга” ХХК-иар орсон нь нүдээ олсон явдал байлаа гэж дээрх бизнес аялалд оролцсон өөр нэг компаниийн төлөөлөл болох “Энхбадрах” группийн захирал Ц.Төрбадрах хэлж байв. Юу гэвэл нэр дурдсан “Бөхөг-Тулга” ХХК манай улс зах зээлд шилжих 1990-ээд оны сүүл үеэс яс боловсруулан урд хөршид гарган нийлүүлж иржээ. Гэвч сүүлийн жилд тоног төхөөрөмж элэгдснээр үйл ажиллагаа нь зогсож. Ганц дээрх компани ч биш дотооддоо малын түүхий эдээ боловсруулан бүтээгдэхүүн хийхийг зорьж буй олон жижиг үйлдвэр техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж чадахгүй, дээр нь түүхий эдийн хомсдолд ордог бэрхшээл хаа сайгүй байна. Гэтэл манайд хаягдал ясаа ашиглан саван хийхээс гадна биодизель түлш гарган авч малынхаа ашиг шимийг хүртэх олон боломж байгааг МҮХАҮТ-аас зохион байгуулсан бизнес аялалд оролцогчид онцолж байлаа.
Жилд 2000 тонн, сард 120 тонн яс боловсруулж байгаад үйл ажиллагаа нь зогсоод байгаа “Бөхөг-Тулга” ХХК-ийн захирал П.Нооф үйлдвэрээ шинэчлэхэд тоног төхөөрөмж, хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа гээд энэ тал дээр туслалцаа үзүүлэхийг МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэгт хандан хүссэн юм. Энэ үеэр бизнес аялалд оролцож буй Дорнод Импекс ХК-ийн “Сайн саван” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Э.Энх-Амгалан мөн өөрийн үйлдвэрийнхээ талаар танилцуулахдаа, “Манайх өдөрт 1500-2000, сард 50000 орчим саван үйлдвэрлэж сүлжээ дэлгүүр, захуудад борлуулдаг ч мөн техник тоног төхөөрөмж хуучирснаас хэрэглэгчдийн хэрэгцээг дөнгөн данган хангаж байна. Бидэнд түүхий эд байгаа учир илүү ихийг үйлдвэрлэх боломжтой. Шингэн савангаа савлах сав баглаа боодол, савангаа хэвлэх, уутлах зэрэг ажлыг гараар хийж байна. Манай үйлдвэрт “Оюутолгойн” ХХК-аас ажилчдын гарын саван нийлүүлэх санал ирсэн ч бидний хүчин чадал хүрэхгүйгээс хүлээж аваагүй” гэлээ. МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, бид дотоод нөөц боломжоо зөв ашиглан, түүхий эдээ боловсруулан бүтээгдэхүүн нийлүүлэн, импортын барааг халах цаг нэгэнт болсон. Тэгэхийн тулд нэгдэж, кластерын системд орсноор бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжтой. Цаашдаа аймаг, сумд бүр савангийн үйлдвэртэй, орон нутгийнхаа зах зээлээ өөрсдөө хангадаг байх ч боломжтой. Бидэнд түүхий эд нь бэлэн байгаа нөхцөлд зөв хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж, ажлын байр бий болгож, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаадын зах зээлд хөл тавих боломжтой” гээд, “Бөхөг-Тулга” үйлдвэрийг шинэчлэхэд ЖДҮ-ийн зээлд хамрагдах боломжтой. “Сайн саван” үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Тайванийн урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөлийг Танхимын зүгээс анхаарч судалж дэмжинэ” гэсэн юм.
Б.Болд
 
Связанные новости