"Оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угаах, түүнтэй тэмцэх олон улсын туршлага" сургалт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.АТГ, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хамтран "Оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угаах, түүнтэй тэмцэх олон улсын туршлага" сэдэвт сургалтыг энэ сарын 14, 15-ны өдөр “Олон нийтийн төв”-д зохион байгууллаа.
Санхүүгийн гэмт хэргийн чиглэлээр мэргэшсэн зөвлөх мэргэжилтэн Игорис Кризецковскийн удирдан явуулсан сургалтад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, Гүйцэтгэх ажлын хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс, УЕПГ, ТЕГ, ЦЕГ, Монголбанк зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцон оффшорын асуудал болон мөнгө угаах гэмт хэргийн талаар мэдээлэл авч туршлага сонсов.
АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Оффшор нь сүүлийн жилүүдэд төр, иргэд, олон нийтийн анхаарлыг нэлээд татаж буй онцгой асуудал болоод байгаа билээ. Оффшор бүсэд өнөөгийн байдлаар нийтдээ ойролцоогоор үнэт цаас, үл хөдлөх хөрөнгийг оруулахгүйгээр 11,5 триллион ам.доллар буюу дэлхийн бүх мөнгөний 10-ны нэг нь хадгалагдаж байгаа гэж үздэг.
Авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад оффшор бүс нутгаас санхүүгийн аливаа мэдээлэл, лавлагаа авах, тодорхой төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах, эрх зүйн туслалцаа авах зайлшгүй шаардлага, түүнээс улбаалсан тодорхой бэрхшээлүүд бидэнд тулгарч байна. Бидний дотны түнш болсон ЕАБХАБ маань бидэнд тулгарч буй бэрхшээлийг даван туулахад өөрийн үнэтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцаж, туслалцаа үзүүлж байгаа төдийгүй цаашид энэ чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулж, ойр дотно хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Алс холоос зорин ирж, энэхүү сургалтыг зохион байгуулж буй ноён Андрей Мунтеан болон Игорис Кризецковский нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье. Сургалт явуулах зөвлөх мэргэжилтэн Игорис Кризецковскийн хувьд Литва улсын Дотоод хэргийн яамны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газар болон Мөнгө угаах явдлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх газарт олон жил ажилласан, арвин туршлага, мэдлэгтэй хүн юм. Тиймээс Та бүхэн энэ боломж, завшааныг ашиглан, оффшор бүс нутгийг ашиглан мөнгө угаахтай тэмцэх талаарх олон улсын туршлага, мэдлэгийг олж авч, түүнийгээ авлига, мөнгө угаахтай тэмцэх ажилд бүтээлчээр ашиглана гэдэгт найдаж байна” гэлээ.
Ж.Батсайхан