Хөгжлийн бодлого, судалгааны институц үгүйлэгдэж буйд эрдэмтэд санал нэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dogsom@montsame.mn
2018-05-29 15:16:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Эрдмийн их сургуулийн “Эрдмийн өргөө”-нд өнөөдөр “ХХ1 зуун:Шинэ даяаршил ба хөгжил” сэдэвт эрдэмтдийн хэлэлцүүлэгт доктор профессор С.Будням
“Их давхцал: Мэдээллийн технологи ба шинэ даяаршил” илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Түүний тавьсан илтгэлийн гол санаа нь, дэлхийн хөгжил, үйл явцыг хурдасгаж буй өнөөдрийн мэдээллийн технологийн эрин зууны шинэчлэлийг Монгол Улс хэрхэн яаж ашиглах вэ гэдэгт оршиж байсан бөгөөд тэрээр, өнөөдөр дэлхийн нийтийн хандлага хариуцлагатай, тогтвортой хөгжил рүү явж байна. Хэлбэрийн хувьд даяаршил олон улсад бүс нутгийн хэмжээнд төрөлжиж, энэ дунд Монгол Улс хэрхэн яаж өгөөжтэй оролцохыг судлах шаардлага гарч ирж буйг онцлов. Дээрх шаардлагын үүднээс манай улсад бодлого, судалгааны "think tank" байгууллага буюу судалгааны хүрээлэн бүхий институц хэрэгтэйг хэлэлцүүлэгт оролцогчид дэмжиж ийм байгууллагыг Үндэсний хөгжлийн газрын дэргэд байгуулвал зохистойд санал нэгдэв.
Хэлэлцүүлгийн үеэр Үндэсний хөгжлийн газрын Бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Должинсүрэнгийн хийсэн танилцуулгад дурдснаар өнөөдөр манай улсад хөгжлийн бодлогын талаар 170 баримт бичиг гараад байна. Эдгээрийг цэгцлэж, хоорондын уялдаа холбоог хангах ажлыг Үндэсний хөгжлийн газар хийж байна. Манай улс хөгжлийн бодлогоо Тогтвортой хөгжлийн 17 зорилтын дагуу 2030 он хүртэл төлөвлөж, энэ талын бодлогын баримт бичиг УИХ-аас гарсан ч дунд хугацааны хөгжлийн нэгдсэн цэгцтэй бодлого дутагдаж байна. Тиймээс Үндэсний хөгжлийн газраас салбар салбарын хүрээнд 13 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж эдийн засаг, нийгмийн бүхий л салбарын тулгамдсан асуудлыг гаргаж ирж буйг хэлэв. 
Хэлэлцүүлэгт оролцогч эрдэмтэд Үндэсний хөгжлийн газраас хийсэн танилцуулгатай санал нэг байгаагаа илэрхийлж, өнөөдөр манайд улсад эдийн засаг, хөгжлийн асуудлыг жишээ нь, Засгийн газарт хэн хариуцаж, авч явж байгаа нь мэдэгддэггүй, уг нь энэ асуудлыг хариуцах ёстой хүн нь Шадар сайд байтал тэрээр гал түймэр унтраах ажлыг удирдаад явж байдаг хэмээн шүүмжлэлтэй хандаж байв. Саяхныг хүртэл манайд эдийн засаг, хөгжлийн бодлого 6 газарт  харъяалагдаж, хөгжлийн бодлогыг  дор дорноо тодорхойлж байсныг өдгөө Сангийн яам, Үндэсний хөгжлийн газар зангидаж байгаа аж.
Б.Болд         

Связанные новости