АТГ ажилтан албан хаагчдаа ямар ч сонгон шалгаруулалтгүй томилдог гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-29 12:37:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/.АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр "АТГ Х.Энхжаргалын хувийн компани болсон нь баримтаар нотлогдлоо" сэдвийн хүрээнд хэвлэлийн хурал хийв.
Хэвлэлийн хуралд АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан, тус зөвлөлийн гишүүн И.Мөнхжаргал, А.Саруул нар оролцож, сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. И.Мөнхжаргал "АТГ Х.Энхжаргал гэдэг хүний хуулийн компани болсон байна. Уг нь энэ байгууллага УИХ-ын дэргэдэх төрийн тусгай байгууллага. Энэ байгууллагад ажиллахын тулд 5 төрлийн шалгалт өгдөг. АТГ ийм өндөр ур чадвартай хүмүүс ажиллуулах ёстой байтал жижигхэн авлигын хэргийг ч шалгаж чадахгүй байна. Бид АТГ-д шинээр ажилд орсон албан хаагчдын талаар мэдээлэл авахаар Төрийн албаны зөвлөлд хандсан боловч тэднийд ямар ч сонгон шалгаруулалтын мэдээлэл 2010 оноос хойш ирээгүй байна. Нэг ёсондоо АТГ ямар ч мэргэжлийн шалгалтгүйгээр ажилд авдаг. Х.Энхжаргал төрийн хуулийг уландаа гишгэж, авлигачдын санал болгосон хүмүүсийг томилон ажиллуулдаг  гэсэн хардлага төрүүлж байна. Мөн АТГ өөрөө авлига авч, ажилтнуудаа бүрдүүлсэн байж болзошгүй гэсэн хардлага дагуулж байгаа юм. УИХ-аас АТГ-ын орон тоог 172 ажилтнаар баталж өгсөн байдаг. Төрийн албаны зөвлөлийн 50 дугаар тогтоолын дагуу ажилтнаас 5 төрлийн шалгалт авч, 60-аас дээш оноо авсан тохиолдолд ажилд авах ёстой. Гэтэл АТГ өнгөрсөн хугацаанд ямар ч сонгон шалгаруулалт явуулаагүй. Бүх заалт, журмууд зөрчигдсөөр ирсэн байгаа нь анхаарал татаж байна" гэв. И.Саруул  "Энэ бол хүний эрхэнд ноцтой халдсан хэрэг. Шалгалт өгөөгүй ажилд орчихсон хүн даргын барьцаанд шууд орох эрсдэлтэй. Эмч хүн эмчлэх эрхээ авч байж, үйлчлүүлэгчээ үздэг. Гэтэл АТГ-ын байцаагчид ямар ч шалгалт өгөөгүй мөртлөө хэрэг шалгаад эхэлж байгаа нь буруу. 2012 оноос хойш АТГ ямар ч сонгон шалгаруулалт хийгээгүй" зэрэг мэдээлэл өгөв.

Ж.Батсайхан

Связанные новости