Н.Энхболд:Мэдээллийн аюулгүй байдлаа дэлхийн улс орнууд хамтын хүчээр хамгаалахыг эрмэлзэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-05-24 15:54:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ҮБХИС дээр өнөөдөр "Мэдээллийн аюулгүй байдал:онол практикийн тулгамдсан асуудал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ. Энэ олон улсын хурлыг БХЯ, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/, Батлан хамгаалахын Эрдэм шинжилгээний хүрээлэн /БХЭШХ/ хамтран зохион байгуулж байна.
БХЭШХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, дэд хурандаа Б.Эрдэнэчимэгийн хэлснээр, Хоёр өдөр үргэлжлэх энэ хуралд ҮАБЗ-ийн Ажлын алба, УИХ-ын АБГБ-ын байнгын хорооны төлөөллүүд ач холбогдол өгөн хамтран ажиллаж байгаагаараа онцлог. Мөн их хуралд мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон ТББ, монгол улсад ажиллаж байгаа олон улсын байгууллага, их дээд, сургууль, хүрээлэнгүүд, гадаад орнуудын эрдэмтэн судлаачид гээд нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй болж байна. Хурлын гол зорилго бол шинэ зуунд мэдээлэл харилцааны технологи хурдацтай хөгжиж, хүмүүсийн харилцаанд шинэ боломж, хөгжлийн  загварыг бий болгож үүгээрээ мэдээллийн хэрэгслүүд нийгмийн сүлжээ ашиглан үндэсний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх, хувь хүний оюуны дархлааг сулруулах зэрэг эрсдлийг ч дагуулж байна. Өнөө үед мэдээллийн орон зай, мэдээлэл- сэтгэл зүйн дайны халуун цэг, гол талбар болж байна. Судлаачдын үзэж буйгаар хүн төрөлхтний түүхэнд байгаагүй өргөн далайцтай мэдээллийн дайн өрнөж дэлхийн хүн амын дийлэнх нь энэ дайны оролцогч, ялагч, ялагдагч болж байна. Иймээс мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудал улс орон бүрийн өмнө тулгамдаж байна. Энэхүү тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд улс орнууд мэдээллийн аюулгүй байдлаа онол практикийн асуудлаар туршлага, сургамжаа харилцан солилцох нь чухал. Бидний хурлын зорилго үүнийг хөндөж байна" гэв. Хурлын нээлтэд оролцсон Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос мөн тодруулга авлаа.
Тэрбээр "Дэлхий нийтээр Мэдээллийн эрин үед шилжихийн сацуу уламжлалт дайн, зэвсэгт мөргөлдөөн, гэмт хэрэг цахим хэлбэрт шилжиж, шинэ төрлийн гэмт  хэргүүд бий болж, цахим сүлжээ, цахим систем, мэдээллийн нэгдсэн бүрэн бүтэн байдал, нууцлал, аюулгүй байдлын хамгаалалтад заналхийлэх аюул олширлоо. Цахим терроризмын аюул, эрсдэл нэмэгдэж байна. Үүний улмаас мэдээллийн аюулгүй байдлыг хангах нь дан ганц төрийн захиргааны байгууллагаар зогсохгүй иргэн, хувийн хэвшлийнхэн, иргэний байгууллагууд, бүс нутаг, олон улсын хамтын ажиллагаанаас ч ихээхэн хамаарах боллоо. Мэдээллийн аюулгүй байдлыг хангахад төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөн ашиглах чиглэлийг ч төрөөс барьж байна. Өнөөдрийн хуралд манай яам, ҮБХИС, БХЭШХ энэ асуудлыг ярьж буй нь цагаа олсон чухал асуудал. Хоёр өдөр манай хөрш ОХУ, БНХАУ болон БНСУ,  Япон улсын төлөөлөгчид манай эрдэмтэн судлаачид тулгамдсан асуудал, туршлагаа солилцож байна" гэж олон улсын хурлын ач холбогдлыг үнэллээ. Олон улсын хуралд бэлтгэсэн БХЭШХ-ийн тохимолоос үзэхэд Монгол улсын төрийн байгууллагууд руу чиглэсэн цахим халдлага маш өндөр буюу 2018 оны 4 дүгээр сарын байдлаар 255,939 удаагийн цахим халдлага бүртгэгдсэн. Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо ч өссөөр байгаа. Энэ нь мэдээллийн аюулгүй байдлын талаарх төрийн бодлого хангалтгүй, мэдээллийн аюулгүй байдлын хуульгүй зэргээс үүдэлтэй. Олон улсын хурал ч үүнд чиглэгдэнэ гэж "Мэдээллийн аюулгүй байдал:онол практикийн тулгамдсан асуудал" гол илтгэлийг тавигч БХЭШХ-ийн захирал, доктор, профессор, хурандаа Б.Мөнхсайхан онцлон хэллээ. Өнөөдрийн хурлаар "Монгол улс дахь мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн төвшин, цаашдын хандлага" илтгэлийг ХЗҮХ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Амаржаргал, эрдэм шинжилгээний ажилтан Э.Уянга, "Шинэ нөхцөл дэх олон улсын кибер орон зай ба Хятадын бодлого" илтгэлийг БНХАУ-ын Орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн судлаач, профессор Зао Чен нар тавьж байна. Маргааш ОХУ-ын эрдэмтэд болон солонгос, япон, монголын эрдэмтэн сулдлаачид илтгэлээ тавина. Хурал сонирхолтой үргэлжилж, тулгамдсан олон асуудлыг хэлэлцэнэ гэж дэд хурандаа Б.Эрдэнэчимэг хөтөлбөрөөсөө танилцуулав.

Ж.Батсайхан
Связанные новости