АНУ: Орос хохирогч шиг аяглахаа болих хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-03-30 09:38:49
ВАШИНГТОН. /АП/. Оросын дипломатчдыг Вашингтон хөөсний хариуд АНУ-ын 60 дипломатчийг хөөх шийдвэр гаргаснаа Москва зарласантай холбогдуулан АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хитер Науерт мэдэгдэл хийхдээ “Орос хохирогч шиг аяглахаа болих хэрэгтэй” гэжээ.

"Ассошиэтед Пресс" агентлагийн мэдээлснээр, Х.Науерт пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ “Их Британид Оросын тагнуулч асан болон түүний охиныг мэдрэл саажуулах химийн бодисоор Москвагийн тагнуулынхан хордуулсны хариуд манай улс Оросын дипломатчдыг хөөх шийдвэр гаргасан. Орос хохирогч болж жүжиглэхээ одоо зогсоосон нь дээр” гэсэн байна.

Мөн Х.Науерт “Оросын үйлдлүүд Москва болон Барууны улс орнуудын сөргөлдөөнийг улам бүр хүндрүүлэх болно” гэж анхааруулаад “АНУ Оростой сайн харилцаатай байхыг хүсэж байгаа ч Орос хоёр талын хооронд үүссэн асуудлуудыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх сонирхолгүй байгаа нь илэрхий байна” гэжээ.
 
Өчигдөр ОХУ-ын ГХЯ-наас гаргасан мэдэгдэлд “Манай улс АНУ-д адил хариу барьж байна. АНУ-ын 60 дипломатчийг дөрөвдүгээр сарын таван гэхэд Оросыг орхин явахыг шаардаж байна” гэжээ.

Их Британид Оросын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипалийг мэдрэл саажуулах химийн бодисоор хордуулсан гэх хэрэгтэй холбоотойгоор АНУ болон Европын улс орнууд Оросын 150 гаруй дипломатчийг эх орноосоо хөөж байгаагаа хэд хоногийн өмнө зарласан билээ.

Г.Доржханд

Связанные новости