Хүүхэд хамгааллын төслийн үр дүнг 28.637 хүүхэд хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/."Монгол Улсад хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх нь" төсөл гурав дахь жилдээ хэрэгжиж хаалтын зөвлөлгөөнөө өнөөдөр хийлээ. Төслийг Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зургаан хороо, Архангай аймгийн Батцэнгэл, Хайрхан, Эрдэнэбулган сумын дөрөвдүгээр багт хэрэгжүүлсэн байна.
Энэ төслийн үр дүнд бид хамтарсан баг (хороон дарга, нийгмийн ажилтан, эмч, цагдаагаас бүрдсэн баг) гэдэг ойлголттой болжээ. Зөвлөлгөөнөөр хүүхэд, гэр бүлд хамгааллын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй хамтарсан багт тулгамдаж буй асуудал, төслийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнг хэлэлцсэн юм. Төсөл хэрэгжсэн гурван жилийн хугацаанд олон нийтэд хүүхэд хамгааллын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх олон ажил хийжээ. Нэгдүгээрт, төсөлд хамарсан 165 гишүүн хүүхэд, гэр бүлд үйлчилгээ үзүүлж байна. Төсөл дуусах үед авсан судалгаагаар хамтарсан багийн гишүүдийн мэдлэг, ур чадвар 80 гаруй хувиар нэмэгджээ. Түүнчлэн төсөл хэрэгжсэн баг нь гурван жилийн хугацаанд 176 кейс илрүүлж, 33 кейсийг холбон зуучилж, 13 кейсийг шилжүүлж, 48 кейсийг амжилттай шийдвэрлэж, 204 хүүхэд, гэр бүлд хамгааллын зөвлөгөө өгчээ. Хоёрдугаарт, хамтарсан багийн хамгааллын үйлчилгээ үзүүлэхдээ хийсэн нөхцөл байдлын үнэлгээ, эрсдэлийн үнэлгээ нь шүүхэд нотлох баримтын түвшинд очих боломжтой болжээ. Гуравдугаарт, хүүхэд хамгааллын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд хүмүүжлийн эерэг аргын цуврал сургалт зохион байгуулсан байна. Сургалтад 221 эцэг, эх, асран хамгаалагчид хамарсан бөгөөд судалгааны үр дүнгээс харахад 3 жилийн хугацаанд хамтарсан багийн талаарх эцэг эхчүүдийн мэдлэг хоёр дахин өссөн байна. Төслийн үр дүнг 28.637 хүүхэд хүртсэн байна.
Ж.Батсайхан
Связанные новости

