Сирид 3.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлэхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2018-02-01 09:22:53
НЬЮ-ЙОРК. /АП/. Энэ онд Сирийн 13 сая иргэнд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд 3.5 тэрбум ам.доллар хэрэгтэй байна гэж НҮБ-ын албаны хүн мэдэгдээд, хандив өгөхийг дэлхийн улс орнуудад уриаллаа гэж "Ассошиэтед Пресс" агентлаг мэдээллээ.

НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах газрын мэргэжилтэн Урсула Мюллер дайны хөлд нэрвэгдсэн Сирийн нөхцөл байдлыг өчигдөр болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хуралдааны үеэр танилцуулсан байна.

Лалын босогчдын лалын улс бүлэглэлийнхэн өөрсдийн халифт улсынхаа “нийслэл”-ээр зарласан Сирийн хойд нутгийн Ракка хотын аюулгүй байдалд сэтгэл түгшиж буйгаа У.Мюллер илэрхийлээд “Байлдааны ажиллагаа дууссанаар өнгөрөгч оны 10 дугаар сараас хойш 60 мянга орчим хүн Раккад буцаж очсон. Гэхдээ энд тэнд суурилуулсан мина болон бусад тэсрэх төхөөрөг дэлбэрсний улмаас 112 хүн амиа алдаад байна” гэжээ.

Мөн тус улсын нийслэл Дамаск хотын захад  орших засгийн газрын эсрэг хүчнийхний түшиц газарт өнгөрсөн 12 дугаар сараас хойш 21 хүн амиа алдсан гэнэ. Сирийн засгийн газрын хүчнийхэн бүслээд байгаа учир шархдаж, гэмтэж бэртсэн хүмүүс тус бүсээс гарч чадахгүй байгаа аж. Тус бүс рүү хүнс болон эм тарианы хангамж илгээхийг он гарсны дараахан зогсоосон гэнэ. Засгийн газрын эсрэг хүчнийхний хяналтад байгаа газруудад буй энгийн номхон иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг ямар нэгэн нөхцөл болзолгүйгээр зөвшөөрөхийг НҮБ-ын мэргэжилтэн Сирийн  Ерөнхийлөгч Башар Аль Асадад уриалсан байна.
Г.Доржханд
Связанные новости