Зүүн хойд Азийн Эксим банкуудын холбоо Улаанбаатар хотноо хуралдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-01-23 18:57:58
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Их түмэн санаачилга хөтөлбөрийн хүрээнд Зүүн хойд Азийн Эксим банкуудын холбооны найм дахь удаагийн Ажлын хэсгийн хурал “Коропорейт Конвеншн центр”-т боллоо.

Тус хуралд БНХАУ болон БНСУ-ын Эксим банк, Монгол Улсын Хөгжлийн банк,  ОХУ-ын  Внешэконом банкны төлөөлөл оролцов.

Хөгжлийн банк нь тус хөтөлбөрийн Зүүн хойд Азийн Эксим банкуудын холбооны 2017 оны даргалагч банкаар ажиллаж, холбооны найм дахь удаагийн ажлын хэсгийн уулзалтыг хийсэн нь энэ юм.

Их түмэн санаачилгын зүгээс гишүүн орнуудын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлон Тээвэр, Эрчим хүч, Аялал жуулчлал, Байгаль орчин, Худалдааг хөнгөвчлөх хороодыг ажиллуулдаг байна. Тус холбооноос өнгөрсөн хугацаанд Зарубино боомтын “Үр тарианы терминал”-ын төслийн нэгдүгээр шатны 3 сая үр тариа ачих, буулгах хүчин чадал бүхий  терминал барих  нийт 153 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэжээ.

Өнөөдрийн хуралдаанаар Зүүн хойд Азийн Эксим банкуудын холбооны хамтран хэрэгжүүлэх   Зарубино боомтын “Үр тарианы терминал”-ын төслийн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагаагаа шат ахиулах боломжит төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.

Зүүн хойд Азийн дундуур 520 км урттай БНХАУ, ОХУ, БНАСАУ-ын нутаг дэвсгэрийг дамжин урсах Түмэн гол нэрээр эл хөтөлбөрийг нэрлэжээ. Их түмэн бүсэд Монгол Улсын зүүн бүсийн аймгууд болох Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэр   ордог байна.
Тус холбооны гишүүнээр Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын Внешэконом банк, БНСУ, БНХАУ-ын Эксим банкууд элссэн бөгөөд Их түмэн санаачилга хөтөлбөр болон гишүүн орнуудын Засгийн газруудтай ажиллах цар хүрээгээ тэлэх зорилгоор үйл ажиллагаагаа өрнүүлдэг аж.
 
Б.Заяа
Связанные новости