“Ногоон зээлийн сан: Тогтвортой хөгжлийн хөшүүрэг болох нь” сэдвээр чуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголын Банкны Холбоо, Монголбанк, МҮХАҮТ-тай хамтран “Монгол Улсын Тогтвортой Санхүүжилтийн Форум 2015” арга хэмжээг энэ сарын 27-нд Туушин зочид буудалд зохион байгуулах гэж байна.
“Ногоон зээлийн сан: Тогтвортой хөгжлийн хөшүүрэг болох нь” сэдвийн дор чуулах тус форумаар банк, банкны харилцагч, бизнес эрхлэгчдийн дунд ногоон зээл, санхүүжилтийн талаар мэдлэг олгох, ногоон төслүүдийг санхүүжүүлэх,төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэх аж.
Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд нийт банкууд 2015 оноос эхлэн аливаа зээл санхүүжилтийг олгохдоо байгаль орчин, нийгмийн эрсдлийг үнэлдэг болж, ноцтой сөрөг нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэхээс татгалздаг болсон.
Банк санхүүгийн байгууллагуудаас Монгол Улсын ногоон эдийн засаг, тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх зорилгоор байгаль орчинд ээлтэй, “ногоон” техник технологийн хөрөнгө оруулалтыг эрс нэмэгдүүлэх, ногоон төслүүдийг санхүүжүүлэх урамшууллын хөшүүрэг, тогтолцоо бий болгох шаардлага байгааг албаныхан хэллээ.
Б.Заяа