Хүнсний боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд хамтарна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГМонголын Хүнсчдийн Холбоо ХХААЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, “Шинэ хороолол” ХХК-тай тус тус санамж бичиг байгууллаа.
ХХААЯ-тай байгуулсан санамж бичигт Хүнсчдийн Холбооны Ерөнхийлөгч Д.Тэрбишдагва, ХХАА-н сайд Р.Бурмаа нар гарын үсэг зурсан юм.
Уг санамж бичгийн хүрээнд талууд хүнсний салбарт төрийн болон ТББ-ын үйл ажиллагааг идэвхжүүлэх, төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэлдүүлэх, дотоодын хүнсний боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэхэд хамтрах юм байна. Мөн үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, зах зээлийг хамгаалахын зэрэгцээ хүнсний салбарт тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх юм.
Харин Монголын Хүнсчдийн холбоо, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнтэй 2016 оны 11 дүгээр сарын 18-ныг хүртэл “Эрүүл хүнс” нийтийн эрүүл мэндийн чиглэлээр мэдээлэл, сургалт, судалгааны ажлыг хамтран өрнүүлэхээр боллоо.
Хүнсчдийн холбооны Шинэ хороолол” ХХК-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд иргэдэд баталгаатай мэдээллийг хүргэх зорилгоор тус компанийн “Цахим хөтөч” вэбсайтаар дамжуулан нийтэд хүнсний аюулгүй байдлын “Эрүүл хүнс” булан нээж ажиллуулах юм байна.
“Шинэ хороолол” ХХК-ийн Хэвлэл мэдээллийн албаны дарга Н.Оюунболд ярихдаа, “Манай компани дэлхийн дэвшилтэт технологийг ашиглан гар утаснаас бүх мэдээ, мэдээллийг шуурхай авах технологийг нэвтрүүлсэн. Тиймээс бид Хүнсчдийн холбоотой хамтран ямар хүнсийг хэрэглээндээ нэвтрүүлэх талаар цуврал мэдээлэл хүргэнэ. Мөн манай компани цахим хуудас картыг худалдаанд гаргасан”гэлээ.
Б.Заяа