Сургууль, цэцэрлэгүүдийг энэ сарын 20-ны дотор агаар цэвэршүүлэгчээр хангахыг үүрэг болгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд болсон Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэмт хэрэг, гамшиг ослын талаар мэдээлэл солилцов.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Нийслэлийн цагдаагийн газарт гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 25 мянга 121 дуудлага, мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 1230 үйлдэл бүртгэгдсэн гэдгийг Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдорж танилцуулав. Тэрбээр, "БОАЖЯ, НАЖГ, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсүүдтэй хамтран нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 125 зочид буудал, 230 дэн буудалд шалгалт явуулсан байна. Шалгалтаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа эрхэлж байсан 50, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг зөрчсөн 14 зөрчил илрүүлэн зохих журмын дагуу арга хэмжээ авч, стандартын шаардлага хангаагүй 12 зочид буудал, дэн буудлын үйл ажиллагааг зогсоох мэдэгдэл хүргүүлээд байна” гэлээ.
Харин “Замын цагдаагийн албаны Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3150 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 126, зөрчлийн шинжтэй 991 дуудлага иржээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 593 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 17.1 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг Нийслэлийн цагдаагийн газрын Замын цагдаагийн албаны Замын хөдөлгөөнийг зохицуулах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батболд мэдээллээ.
Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Ойрын өдрүүдэд нийслэл хот орчмоор бага зэргийн цас орж, өдөртөө -13 хэм, шөнөдөө -22 хэм хүртэл хүйтрэх урьдчилсан төлөвтэй байна. Өнгөрсөн 14 хоногт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 111 удаагийн дуудлагыг хүлээн авч Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 102, техникийн холбогдолтой осол, аврах ажиллагааны 9 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гарсан мал, амьтны гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэмийн хугацааг сунгасантай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо Шижирийн даваа, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Ар гүнтийн даваанд гаргасан мэргэжлийн байгууллагуудын хамтарсан хяналт шалгалтын постонд гурван ээлжээр үүрэг гүйцэтгэн шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ хугацаанд хяналт шалгалтын постоор амьд мал, түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн 92 автомашин ирснээс гарал үүслийн бичиг баримтгүй 31 автомашиныг буцаасан" гэлээ.
НМХГ-аас Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулсан байна. Хяналт шалгалтад Нарантуул, Бөмбөгөр, Хархорин, Баянзүрх зэрэг томоохон худалдааны төвүүдэд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, нийтийн хоол, хүнсний 432 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудыг хамруулжээ. Шалгалтаар 422 зөрчил илрүүлэн 276 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөрчилтэй 2 аж ахуйн нэгжид албан шаардлага хүргүүлэн, 1.1 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан гэдгийг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулав.
Зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга С.Батболд “2018 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудын газар чөлөөлөлтийн бэлтгэлийг хангах хэрэгтэй. Агаарын бохирдолтой тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн анги танхим, эмнэлгийн хүүхдийн тасгийн өрөө, тасалгааг цэвэршүүлэгчээр хангах ажлыг энэ сарын 20-ны дотор зохион байгуулах, Нийслэлийн төсөвт төвлөрүүлэх орлогыг энэ сарын 25-ны өдрийн дотор бүрэн төвлөрүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болгож байна" гэлээ.
Ч.Ариунболд