Б.Болор: Ирэх жил төсөвт тодотгол хийж таарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-11-18 12:28:51

Ирэх оны төсөв батлагдсантай холбогдуулж Сангийн сайд Б.Болороос дараах тодруулгыг авлаа.

-2016 оны төсөв анх өргөн мэдүүлснээсээ нэлээд өөрчлөлт орж батлагдсан. Ерөнхий дүнгийн хувьд хэр өөрчлөлт орсон бэ?

-Дүнгийн хувьд бага өөрчлөлт орсон. Тоогоор хэлвэл, 100 орчим тэрбум төгрөгийн өөрчлөлт орсон. Энэ бол УИХ өөрийн бүрэн эрхийн хүрээнд хийж буй өөрчлөлт. Ерөнхий концепцийн хувьд бол УИХ маш  том өөрчлөлт орууллаа. Маш их улстөржилт явагдлаа. Уг нь бол Засгийн газар өргөн барихдаа ирэх он жилүүдийн нөлөөллийг бодож хийсэн төсөл өргөн барьсан байсан. Эдийн засгаа эрүүлжүүлэх гэсэн концепци маань тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн.

-Сонгуулийн жилийн төсөв боллоо гэж иргэд шүүмжилж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Сангийн яамнаас улс орныхоо ирээдүйг бодсон төсвийн төсөл өргөн барьсан гэж түрүүнд хэллээ. Сонгуулийн жилийн төсөв болгох гэж манай зарим гишүүд ярьсаар байгаад болголоо шүү дээ.

-Ирэх жил бонд гаргахгүй гэж төсөв батлагдахын өмнө ярьж байсан. Төсөв батлагдсаны дараа болохоор бонд гаргана гэж ярьсан?

-Энд нэг зүйлийг тодруулж хэлэх хэрэгтэй. Засгийн газар дотоодын бонд гаргаж төсвийн алдагдлыг нөхөхөөргүйгээр, гадагшаа гарч гадаад бонд гаргахгүйгээр төсвөө оруулж ирсэн. УИХ-ын баталж өгсөн хувилбараар бонд гаргахаас өөр аргагүй болоод байна. Үндсэн төсвөө алдагдалтай баталсан учир бонд гаргах нь тодорхой боллоо. Бонд гаргах нь болохгүй зүйл биш. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй байгаа үед өндөр хүүтэй дотоодын бонд гаргаж байгаа нь улс оронд хохиролтой байгаа юм. Ер нь цаашид төсвөө эрүүлжүүлэхийн тулд өндөр хүүтэй бондоор төсвийн алдагдлаа нөхдөггүй байх ёстой. Яг энэ хувилбарыг Засгийн газар өргөн барьсан байсан юм.

-Өрөнд бид хэдийг тусгав. Та гадаад өр бол том асуудал биш гэж өмнө нь хэлж байсан?

-УИХ-ын зарим нэг гишүүд 21 тэрбум ам.долларын өртэй болчихлоо гэж яриад байгаа. Үнэн хэрэг дээрээ Засгийн газрын нийт өр 7 тэрбум ам.доллар, үүний 2 тэрбум ам.доллар нь гадаад өр. Энэ бол аюултай тоо биш. Үлдсэн 14 тэрбум ам.доллар нь хувийн хэвшлийнхний өр. Үүнийг Засгийн газар төлөхгүй. Дампуурсан тохиолдолд ч улс энэ өр зээлийг барагдуулахгүй. Өөрөөр хэлбэл, нэг аж ахуй нэгж зээл авсан байлаа гэхэд үүнийгээ арилжааны нөхцлөөр төлнө гэсэн үг шүү дээ. Төсвийн зарлага дээр бол 900 орчим тэрбум төгрөгийг өрийн үйлчилгээний зардалд тусгасан.

-Хүүхдийн мөнгийг олгохгүй нь гэсэн ярианд та ямар тайлбар хийх вэ?

-Нийт 20 бүлэг байдаг. 1-17 бүлэгт манай улсын нийт хүүхдүүдийн бараг 80 гаруй хувь багтдаг. Тэгэхээр цөөн тооны боломжийн амьдралтай айлын хүүхдүүд авахгүй, ихэнх өрхөд хүүхдийн мөнгө олгогдоод явах нь ээ.

-Төсвөө алдагдалтай баталчихлаа. Тэгэхээр ирэх жил төсөвт тодотгол хийх үү?

-Ирэх жил сонгууль болно. Тэр үед цомхон бүтцээр ажиллана гэх байх. Тийм учраас тодотгол хийж таарна. Тэр тодотголыг хийхгүйн тулд бид сая бүтцийн өөрчлөлтийг оруулж ирсэн байсан юм.

Б.Туул

Связанные новости