Зарим байгууллагын жилийн төсөвтэй тэнцэхүйц урамшуулал олгосон нь илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-25 12:43:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас өнгөрсөн сард хийсэн хяналт шалгалт, мөрдөн байцаалтын ажлынхаа талаар өнөөдөр мэдээлэл хийв.
АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой мэдээ, мэдээллийг шуурхай хүлээн авах 1800-1969 дугаарын утас тогтмол ажиллуулж байгаа юм. Энэ утсанд өнгөрсөн сард 69 дуудлага ирсэн байна. Үүнээс 38 нь авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой гомдол байсан бол 31-д нь зөвлөгөө, мэдээлэл өгчээ. Гомдлын дийлэнх нь боловсролын салбар, Нийслэл болон аймаг, сумдын ИТХ, Засаг дарга, Гааль, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байна хэмээн АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Т.Баярхүү мэдээллийн эхэнд дурьдав.
Тус хэлтэс 9 дүгээр сарын 25-наас 10 дугаар сарын 25 хүртэл Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрсдлийн үнэлгээ хийх ажлын хүрээнд ажлын хэсэг гаргаж 12 яам, 20 агентлаг, төрийн болон төрийн өмчийн оролцоотой 23 компанид хяналт шалгалт хийжээ. Энэ үеэр иргэдийг Төрийн албанд ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж, ажилд томилсон, хуульд заасан хугацаанд ХОМ-ээ ирүүлдэггүй, бараа, ажил үйлчилгээ худалдан авалтын төсөвт өртгийг нэмэгдүүлдэг, тендерт цөөн тооны аж ахуйн нэгж оролцуулдаг, үндэслэлгүй төлбөр хураамж тогтоосон зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Түүнчлэн төрийн зарим байгууллага албан хаагчиддаа шагнал урамшуулал хавтгайруулан олгодог зөрчил их байгааг Т.Баярхүү комиссар онцлов.
Тэрбээр, "Мэдээлэл холбооны сүлжээ компани 2015 онд 2.2 тэрбум, 2016 онд 2.7 тэрбум олгосон байна. Энэ урамшуулал нь зарим төрийн байгууллагуудын бүтэн жилийн төсөвтэй тэнцэхээр байгаа юм. Тус компани төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж. Гэтэл төрийн байгууллагуудад шилэн кабелиа өндөр үнээр түрээслэдэг байна. Ажлын хэсэг зарим зөрчлийг газар дээр нь залруулж, хууль эрхзүйн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох, авлигын эрсдэл бий болгож байгаа нөхцлийг арилгах чиглэлээр Засгийн газар, УИХ-д зөвлөмж хүргүүлэхээр бэлтгэж байгаа. Ирэх саруудад 21 аймгуудын ЗДТГ болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд танилцахаар төлөвлөж байна” хэмээв.
АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс (ХШДШХ) өнгөрсөн сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 1029  иргэний материалыг хүлээн авч, 821-ийг нь бүрэн хянасан. Үүнээс хоёр иргэнийг илт ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзжээ. Тухайлбал, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Архитектурын газрын албанд ажиллахаар нэр дэвшсэн Б нь Барилга байгууламж, зураг төсөл боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн эзэмшигч аж. Тиймээс ашиг сонирхлын зөрчил үүсэх магадлалтай хэмээн үзсэн. Мөн ОӨУБЕГ-ын Завхан аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст ажиллахаар нэр дэвшсэн Д нь тус аймгийн ИТХ-ын төлөөлөгч. Энэ нь ИТХ-ын төлөөлөгч төрийн албан хаагчийн ажлыг хавсран гүйцэтгэхийг хориглох тухай Төрийн албаны тухай хуулийн заалтыг зөрчсөн хэмээн ХШДШХ-ийн дарга, Эрхэлсэн комиссар Х.Хашбаатар мэдээлэв.
Түүнчлэн, “Манай хэлтэст төрийн удирдах албан тушаалтан ашиг сонихрлын зөрчилтэй эсэхийг шалгах 100 гомдол ирсэн. Өргөдөл гомдлын дийлэнхийг Орхон, Баянхонгор, Дундговь аймгаас ирүүлсэн байна. Үүнээс хоёр гомдлыг шалгаж үзээд, ашиг сонихрлын зөрчилтэй хэмээн үзсэн. Тухайлбал, Баянгол дүүргийн нутагт орших нэгэн цэцэрлэгийн эрхлэгч хууль бус төлбөр хураамж авсан, өөрийн хамаарал бүхий этгээдийг ажилд томилсон зэрэг зөрчил илэрчээ. Мөн Өмнөговь аймгийн нэгэн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал А нь өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан нь тогтоогдсон. Тиймээс эдгээр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай албан бичгийг НЗД болон Өмнөговь аймгийн Засаг даргад хүргүүлжээ.Өмнөговь аймгийн Засаг даргаас тухайн сургуулийн захиралд сахилгын арга хэмжээ авсан гэсэн хариу ирүүлсэн. Хувийн ашиг сонирхол болон ХОМ-тэй холбоотой хяналт шалгалт хийж байгаа. Шалгалтын хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хуулийн хэлтсийн дарга зэрэг 7, ОӨУБЕГ-ын 4 албан тушаалтанд хариуцлага тооцохоор холбогдох байгууллагуудад хандсан. Эдгээр хүмүүс өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгөд орсон их хэмжээний өөрчлөлтийг мэдүүлээгүй байна” гэлээ.
Дараагаар нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн Мөрдөн байцаах албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн товч мэдээлэл хийлээ. Тус хэлтэс өнгөрсөн сард 155 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 12-ыг нь шүүхэд шилжүүлсэн байна. Түүнчлэн 12 хэргийн хэрэг бүртгэлтийг хааж, одоогоор 127 хэрэг шалгаж байгаа юм. Шүүхэд шилжүүлсэн 12 хэрэгт холбогдсон 36 хүний 8 нь улс төрийн, 7 нь төрийн захиргааны, 11 нь төрийн тусгай албан тушаалтан байжээ. Эдгээр хэргийн улмаас улсад нийт 9.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Связанные новости