Металл хийц бүхий “Явган хүний гүүрэн гарц”-ыг ашиглалтад оруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-10-17 12:47:48
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн Их тойруу, Токиогийн гудамж, Дарь эхийн гудамжны уулзварын зүүн талд барьсан “Явган хүний гүүрэн гарц”-ыг өнөөдөр ашиглалтад орууллаа.

Металл хийц бүхий  “Явган хүний гүүрэн гарц”-ыг нийслэлийн  хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд   3 метр өргөн, 33 метр урттай,  5 метрийн өндөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан  1,56 метр өргөн налуу зам барьжээ.

БЗД-ийн 1, 4-р хорооны нутаг дэвсгэр 48-р сургуулийн орчимд  зам хөндлөн гарах явган зорчигчдын хөдөлгөөний эрчим дунджаар цагт 1000, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим нь цагт дунджаар 3000 байдаг аж. Өвлийн нөхцөлд замын налуугаас шалтгаалан хальтиргаа гулгаа үүсдэг байна. Тиймээс автобусны буудлаас  гэр хороолол, сургууль чиглэлийн явган зорчигчийн  хөдөлгөөнийг Их тойруугийн болон Токиогийн гудамжны авто замын хөдөлгөөнтэй огтлолцохгүй байхаар зохион байгуулж,  явган зорчигчдын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангасан хэмээн албаныхан онцлов.

Түүнчлэн явган хүний гүүрэн гарцыг ашиглалтад оруулснаар  иргэд  Их тойруугийн гудамжны авто замыг аюулгүй хөндлөн гарах таатай нөхцөл бүрдэхийн зэрэгцээ тухайн хэсгийн авто замын хөдөлгөөний ачааллыг  бууруулж, түгжрэлийг багасгана хэмээн Хотын дарга С.Батболд тодотгосон юм.

Дээрх арга хэмжээнд хотын удирдлагууд болон Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэргэжилтнүүд оролцов.
Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ
Связанные новости