Ц.Эрхэмбаатар: Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн хүүг дураараа нэмэх асуудлыг цэгцэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-10-11 15:09:45
Улаанбаатар/МОНЦАМЭ/. “Муу л бол баруун хойд талын хар овоохой гэдэг шиг ломбардыг дийлэнх хүмүүс муучилдаг. Үнэндээ бид иргэдэд санхүүгийн түргэн тусламж үзүүлдэг” хэмээн Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид  анхдугаар чуулганыхаа үеэр тодотгож байсан юм. Нийслэлийн Иргэний танхимд болж буй тус чуулганд 50 гаруй барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч оролцож байна.

2013 онд гаргасан судалгаагаар 1193 ломбард улсын хэмжээнд ажиллаж байгаа гэсэн тооцоо гарчээ. Харин үүнээс хойш албан ёсны судалгаа явуулаагүй бөгөөд эдүгээ 1500 гарсан хэмээн Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн арх ашгийг хамгаалах холбооноос мэдээллээ.

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ  барьцаа зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах,  үйл ажиллагааг нь шинэ шатанд гаргах зорилгоор байгуулагдсан байна.



Чуулганы үеэр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Б.Даваажав  ярихдаа, “Нийслэлд гарч буй гэмт хэргийн дийлэнх нь хулгайн гэмт хэрэг зонхилдог.  Тиймээс нийслэлээс хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг эрчимтэй өрнүүлдэг. Хулгайд алдагдсан эд зүйлсийг  борлуулах  нэг суваг нь ломбард гэж хэлж болно. Тиймээс Цагдаагийн газар барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчидтэй нягт хамтран ажиллах шаардлагатай. Өөрөөр хэлбэл хулгайн эд зүйлсийг худалдаж авдаг зах зээлийг хязгаарлах, хулгайн эд зүйл худалдан авахаас сэргийлэх хэрэгтэй. Хулгайнд эд зүйлсийг  ченжүүдэд хямд үнээр өгөх, эсвэл ломбардад тавьдаг. Хоногт 6-7 телевиз, гар утас, мөнгөн эдлэл зөөврийн компьютер алдагдах жишээтэй.  30 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн ямар ч хяналтгүй байгаа бөгөөд  хулгайн эд зүйл л гэхэд жилд дунджаар 8 орчим тэрбум төгрөгт хүрсэн тоо баримт бий. Тиймээс эрхзүйн орчинд шинэчлэл хийх шаардлага тулгарч байгаа. Нийслэлийн Цагдаагийн газраас  14 жилийн өмнө баталсан  MNS5274 стандартыг өөрчлөх  шаардлагатай гэж дүгнэсэн. Энэ стандартыг шинэчилсэнээр хулгайн эд зүйлсийг ломбардад тавих нь багасана” гэлээ.

Харин Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо ТББ-ын Гүйцэтгэх захирал Ц.Эрхэмбаатар, “Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжүүдийн тоо албан ёсоор гараагүй ч сүүлийн 4 жилд эрчимтэй нэмэгдлээ. Нэг ломбард л гэхэд  40-50 салбартай болсон байх жишээтэй.  Холбооны зүгээс хулгайн эд зүйлсээс хамгаалах хууль эрхзүйн хөшүүрэг хэрэгтэй гэдэгт төвлөрч байна. Энэ хүрээнд Нийслэлийн Цагдаагийн газартай хамтран юуны өмнө  стандартаа сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Улмаар бид нэгдсэн бүртгэлийн системийг бий болгохоор ажиллаж  байна. Энэ бүртгэлийн систем  нь хулгайн эд зүйлсийг санаатай, санамсаргүй барьцаалах, дамжуулах, борлуулахыг таслан зогсооход чиглэнэ. Өөрөөр хэлбэл ломбард эрхлэгчдэд урьдчилан сэргийлэх зорилгоор хулгай хийдэг бүлэглэлийн талаарх мэдээллийг хүргүүлэх юм. 
Үүний дараа олон улсын жишигт хүрэхүйц үйлчилгээг иргэдэд хүргэх талаар ажил өрнүүлнэ. Мөн хүмүүсийн гомдоллодог хүүний асуудлыг хэлэлцэж нэгэн жигд болгох,зах зээлийн зарчим болон иргэн рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулахад анхаарна. Ингэснээр ломбардны эзэд хүүг дураараа нэмэх, татвараас зайлсхийх асуудлыг хумина” хэмээв.


“Баялаг арвижих” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч Н. Батсайхан:



"
Миний хувьд 5 жилийн туршид ломбардын үйл ажиллагаа эрхэлж байна. Бидэнд багагүй бэрхшээл тулгардаг. Хүмүүсийн зүгээс шулаачид гэж зэмлэх нь их ч бид санхүүгийн хувьд түргэн тусламж үзүүлсээр ирсэн. Эерэгээр харах юм бол тухайн айлын санхүүд гал унтраах арга хэмжээ авч байна гэж хэлж болно. Бидний цаана ч гэсэн амьдрал явж байгаа.  Бид эрсдлээ 100 хувь даадаг.  10 барааны 1 нь хулгайнх байх бол энүүхэнд. Цагдаагийн байгууллагаас ирээд  хураачихна. Хулгайч гэдгийг мэдэх ямар ч боломжгүй. Иргэний бичиг баримтыг үндэслэхээс өөр мэдээлэл бидэнд байхгүй. Мэдээллийн бааз үүсгэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс бидэнд хулгай, луйвар хийдэг хүмүүсийн мэдээллийг өгөх асуудлыг хөндөж буй нь маш зөв шийдэл юм. Эдийн засаг сайн байх үед ломбардын үйл ажиллагаа сайн байсан. Харин сүүлийн үед үйлчлүүлэгчдийн 60 орчим  хувь нь алга болсон. Хүүний тухайд  өндөр байхаас аргагүй. Тухайн барааг тавиад алга болно. Эвдрэлтэй үнэд хүрэхгүй бүтээгдэхүүн их гардаг. Цахилгаан барааны үнэ жилээс жилд унадаг. Тухайлбал хэдэн жилийн өмнө 700 мянгаар авч байсан гар утас өнөөдөр 150 мянган төгрөгийн үнэтэй байна шүү дээ. Харин монетан эдлэлийн  үнэ буурдаггүй. Хоёр жилийн өмнө монетыг 46 мянган төгрөгт өгч байсан бол одоо 56 мянга болсон байх жишээтэй. Тиймээс эрсдлээ тооцох, иргэнээ бодох гээд аль аль талаа бид орхигдуулахгүй авч явахыг хичээж байна. Манай ломбард бол аль болох уян хатан үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Гэрээний хугацаа дууссан ч сунгаад 10 хоног хүлээх, энэ хугацаанд утсаар холбогдож мэдэгддэг" хэмээн ярилаа.
 
Ийнхүү барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид асуудлаа хэлэлцэж байна.
Б.Заяа
Гэрэл зургийг Н.Батбаяр



Связанные новости