Хот, суурин газруудыг хөгжүүлэхэд хоёр сая ам.долларын тусламж үзүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-10-04 14:21:36
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хот, суурин газруудын тогтвортой хөгжлийг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх чиглэлд Азийн хөгжлийн банк (АХБ) хоёр сая ам.долларын буцалтгүй тусламж өгөхөөр болж, өнөөдөр БХБЯ-тай Харилцан ойлголцлын Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичигт БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, АХБ-ны ахлах эдийн засагч Деклан Магий нар гарын үсэг зурлаа. Нийслэл болон 21 аймгийн төв ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөө, бодлогын бичиг баримт байдаггүйгээс үүдэн хөрөнгө оруулалт татахад асуудал үүсдэг байна. Тиймээс дээрх хоёр сая ам.долларын хөрөнгөөр “Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн хүрээнд нийслэл, 21 аймгийн хөгжлийн богино, дунд болон урт хугацааны стратегийн зорилтуудыг тодорхойлж, хот байгуулалтын асуудлыг дэд бүтэц, аж үйлдвэр, уул уурхай болон аялал жуулчлал, эрчим хүчний хөгжлийн бодлоготой уялдуулах цогц төлөвлөгөө боловсруулж Засгийн газар, УИХ-аар батлуулах аж.
АХБ ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад нийт 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн байна. Үүний нэг томоохон илрэл нь өнөөдрийн гарын үсэг зурах ёслол гэдгийг АХБ-ны Хот төлөвлөлтийн мэргэжилтэн Арнауд Хэкман дурьдлаа. Энэхүү төслийг улам бүр өргөжүүлэн сумын төвийн төлөвлөлтүүдийг хийх бөгөөд ойролцоогоор 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр дурьдсан юм.
АХБ болон БХБЯ 2017-2020 онд хэд хэдэн томоохон төслийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Тухайлбал, нийслэлийн Сэлбэ, Баянхошууны дэд төвийг төвийн шугам сүлжээнд холбох, орлогод нийцсэн амины орон сууц хөтөлбөр хэрэгжүүлэх, аймгуудын цэвэрлэх байгууламжийг бүрэн шинэчлэх зэрэг хэд хэдэн төслийг нэрлэж болно хэмээн БХБ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Мөнхбаяр гарын үсэг зурах ёслолын үеэр онцлов.

Ч.Ариунболд
Связанные новости