Монгол-Хятадын худалдааны бараа эргэлт 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүрнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-26 17:39:27
Хөх хот /МОНЦАМЭ/. “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн ЭКСПО-2017” арга хэмжээний хүрээнд “Хөх тал” хурлын төвд болсон Монгол-Хятад-Оросын хамтын ажиллагааны дээд түвшний форумаар  гурван улсын   эдийн засгийн коридорыг байгуулахад төр засгийн уялдаа холбоог сайжруулах,  эрдэмтэн судлаачдын судалгааг үндэслэх нь чухал гэдэгт төлөөлөгчид саналаа нэгтгэлээ.

Энэ удаагийн экспод Монголын талаас нийт 1600 орчим төлөөлөгч оролцож байна.
 
Монгол-Хятад-Оросын хамтын ажиллагааны дээд түвшний форумын үеэр УИХ-ын дэд дарга Я.Санжмятав  үг  хэлэхдээ, “Монгол-Хятадын хоёр дахь удаагийн экспо албан есоор эхэлж байна. Аливаа улс орны гол түнш бол хөрш орнууд байдаг. Энэ утгаараа манай улсын тэргүүлэх чиглэлд БНХАУ, ОХУ-тай хийх  худалдаа, хөрөнгө оруулалт чухал байр суурь эзэлдэг. 2017 оны эхний найман сарын байдлаар Монгол Улс БНХАУ-тай  хийсэн нийт худалдааны бараа эргэлт 4.4 тэрбум ам.долларт хүрч, 64.4 хувиар өсөөд байна.  1990-2017 онд БНХАУ-аас нийт таван тэрбум төгрөгийн шууд хөрөнгө оруулалт орсон байдаг. Энэ нь нийт хөрөнгө оруулалтын  27.4 хувийг эзэлж байна. Хоёр дахь удаагийн экспогийн үеэр  ӨМӨЗО-ы 70 жилийн ой тохиож байгаагаараа онцлогтой.  Монгол-Хятадын худалдаа, эдийн засаг, соёл  боловсролын салбарт ӨМӨЗО тодорхой хувь нэмэр оруулж ирсэн.  “Нэг бүс ба нэг зам” санаачилгын хүрээнд Евро азийн дэд бүтэц, Монгол-Хятад-Орос гурван улсын эдийн засгийн коридор байгуулахаас эхлээд жирийн  иргэдийн харилцааг сайжруулах боломжтой гэдгийг онцлоход таатай байна. БНХАУ-тай хамтран  уламжлал болгон зохион байгуулж буй энэ арга хэмжээ хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, худалдаа, эдийн засгийн салбарт  шинэ боломжийг нээн жилээс жилд цар хүрээгээ тэлж байна. Монгол Улс бол далайд гарцгүй ч хоёр том орны дунд оршдогоороо давуу талтай. Манай нутаг дэвсгэрээр дамжих транзит тээврийн үр ашиг Монголд төдийгүй гурван оронд харилцан ашигтай байх болно. Өнгөрсөн экспогоор хоёр орны бизнесийн салбарынхан хамтын ажиллагаагаа эхлүүлэх 100 орчим гэрээг үзэглэсэн. “Монгол-Хятадын экспогоор  зөвхөн бараа бүтээгдэхүүнээ сурталчилаад зогсохгүй , маш олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийх боломжтой. Тухайлбал өнгөрсөн онд байгуулсан  хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд  санал боловсруулах, хөрөнгө оруулалтын зураг төслийн төв байгуулахаар болсон. Энэ хүрээнд  7 үндсэн салбарыг хөгжүүлэх юм. Төмөр зам, дамжин өнгөрөх тээвэр, хурдны зам гээд 32 төслийг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Өөрөөр хэлбэл эдгээр төслүүдэд улс орнууд хөрөнгө оруулах боломжтой. Монгол-Хятадын экспог зохион байгуулснаар хояр улсын худалдааны нийт бараа эргэлт 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн тооцоо гарсан” хэмээн онцлов.
 
ӨМӨЗО-ны Намын хорооны дэд нарийн бичгийн дарга, Ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны эрхлэгч Ли Жихен: “ 2017 он  бол ӨМӨЗО-ны  түүхэнд байгаагүй эдийн засгийн өсөлт ирсэн.  ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ой тохиож  маш олон ажил,  бүтээн байгуулалтыг өрнүүлж байна.  ӨМӨЗО нь 18 хилийн боомт, 6 агаарын боомттой. Орос, Монголын  1700 гаруй оюутан манай улсад суралцаж байна. 2017 оны эхний улирлын үзүүлэлтээр 880 мянган жуулчин хүлээн авсан дүн мэдээ бий.  Сүүлийн жилүүдэд Орос Монгол-Хятад улсын харилцаа улам бүр өргөжиж байгаа бөгөөд үүнд  ӨМӨЗО –ны хувь нэмэр их юм.  ӨМӨЗО бол умардыг нээх цонх нь гэж хэлж болно. Энэ үүргээ маш сайн биелүүлж байна.  Гурван улсын эдийн засгийн коридорыг урагшлуулахад ӨМӨЗО томоохон гүүр болно. Энэ удаагийн экспо торгоны зам, эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.  

ОХУ-ын Красноярскийн  хязгаарын нэгдүгээр орлогч дарга Пономаренко: “Манай Красноярск хотыг улаан буудайн үйлдвэрлэлээр нь улс орнууд андахгүй. Монгол Улсад манай хот улаан буудай нийлүүлдэг. Энэ жилээс эхлэн БНХАУ-д улаан буудайгаа экспортолж байна. Нөгөөтэйгүүр манайд  аж үйлдвэр, сансрын технологи хөгжсөн. Энэ хэрээрээ түүхий эд боловсруулах үйлдвэр, сансар судлалын чиглэлийн төслүүд хэрэгжүүлэхэд гадны түншүүдтэй хамтран ажиллах бүрэн боломжтой. Олон улсын ложистикийн төвийг Красноярскт байгуулах сонирхол байгаа. Бидэнд  зам тээврийн түшиц газар болох хэтийн амбиц бий. Дорнод Өрнөдийн харилцааг өргөжүүлэх түнш болох, аж үйлдвэрийн салбарыг өргөжүүлэн тэлэхэд анхаарч ажиллаж байна.
Хөх хот Б.Заяа










Связанные новости