Үндэсний үйлдвэрлэгчид “Намрын ногоон өдрүүд”-ээр 200 сая төгрөгийн борлуулалт хийжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-22 14:11:45
Улаанбаатар/МОНЦАМЭ/ "Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” зорилтыг дэвшүүлсэн "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээ 12 дахь жилдээ болж байна.

Хүнсний хангамжийг тогтворжуулах, эх орны хөрсөнд ургасан шинэ ургацыг хэрэглэгчдэд шууд нийлүүлэх зорилгоор  Мишээл экспо төвд нээсэн “Эрүүл Монгол хүнс” үзэсгэлэн худалдаанд хүнсний боловсруулах салбарын 140 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 200  хоршоо, аж ахуйн нэгж оролцож байна.

Намрын ногоон өдрүүд арга хэмжээ нь хүнсний салбарын хөгжлийн чиг хандлагыг илтгэдэг, хүнс үйлдвэрлэгчдийн борлуулалтыг дэмжиж хэрэглэгчдэд дундын зуучлагчгүйгээр бүтээгдэхүүнээ хүргэдэгээрээ онцлогтой. Үзэсгэлэн худалдаанд  ногоочид шинэ технологиор эх орны хөрсөнд тарьсан нарийн ногоог хэрэглэгчдэд хүргэж байна. Ийнхүү шинэ сортын монгол ногоог гаргахад “Шинэ ногоо” төсөл үр шимээ өгсөн хэмээн ногоочид онцолж байв. 

Мишээл экспо  төв дэх  үзэсгэлэн худалдаанд Үндэсний манлай үйлдвэрлэгч “Мах импекс”, “Талх чихэр”, “Атар өргөө”, “Сүү”, “Батбайгаль” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд  оролцож байгаа бол Ховдын ааруул, тарвас,  Өмнөговийн ингэний сүүтэй зайрмаг,  Увсын чацаргана, Хөвсгөлийн цагаан загас, жимс зэрэг орон нутгийн “брэнд” бүтээгдэхүүнээ  борлуулж байна.

Цар хүрээ нь  улам өргөжиж буй  “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаанаас үндэсний үйлдвэрлэгчид эхний өдрөө 200 сая төгрөгийн борлуулалт хийжээ.

Өнөөдөр “Органик хөдөө аж ахуйг дэмжье” өдөрлөг  болж байгаа бол маргааш “Амтат балны ашиг тус”, есдүгээр сарын 24-нд “Ногоон хүнс-эрүүл амьдрал” өдөрлөг тус тус болох юм.
Б.Заяа
Связанные новости