Монгол Улс мөнгө угаахтай тэмцэх тогтолцоогоо эрс сайжруулах нь зүйтэй гэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-18 15:31:41
Улаанбаатар/МОНЦАМЭ/.Олон улсын Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-аас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоог үнэлэх хоёр дахь удаагийн харилцан үнэлгээг хийсэн байна.

Энэ удаагийн харилцан үнэлгээ нь ФАТФ-аас шинэчлэн баталсан 40 зөвлөмжийн дагуу, шинэчлэгдсэн аргачлалаар хийжээ. Мөн  харилцан үнэлгээгээр ФАТФ-ын зөвлөмжийн техникийн хэрэгжилтэд төдийгүй мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцооны үр дүнтэй байдалд үнэлгээ хийснээрээ онцлогтой болсон аж.
Коломбо хотноо  өнгөрсөн долдугаар сард болсон Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах байгууллага (ФАТФ),  Ази-Номхон далайн бүсийн байгууллага (APG)-ын  20 дахь удаагийн жилийн хурлаар Монгол Улсын харилцан үнэлгээний тайланг хэлэлцжээ.

Хурлын үеэр Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо эрс сайжруулах шаардлагатайг онцолж, зөвлөмж өгсөн байна. Тодруулбал, эрх бүхий байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж боловсронгуй болгох ажлыг үргэлжлүүлэх, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд үндэсний зохицуулалтын механизмыг бий болгон хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай иж бүрэн, нарийвчилсан статистик мэдээллийн санг бий болгон баяжуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт эцсийн өмчлөгчийн талаар түргэн шуурхай, үнэн зөв мэдээлэл олж авах боломжийг бүрдүүлэхийг зөвлөжээ.
Харилцан үнэлгээний тайланд Монгол Улс сайжруулах шаардлагатай хэд, хэдэн зүйлс байгааг дурдсан бөгөөд үүний мөрөөр авсан арга хэмжээнүүдээ манай улс ирэх оны 10 дугаар сард тайлагнахаар болсон байна.
Дашрамд дурдахад,  манай улс харилцан үнэлгээний асуудалд өндөр ач холбогдол өгч, Ерөнхий сайдын захирамжаар 15 яам, агентлагийн дэд сайд, дэд дарга нар бүхий Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний зөвлөлийг энэ оны  дөрөвдүгээр сард байгуулан ажиллуулж эхэлжээ.
 Б.Заяа
Связанные новости