Ази номхон далайн шилдэг маркетерууд туршлагаасаа хуваалцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-07 16:23:23
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголын маркетингийн холбоо, Монголын Маркетингийн судалгааны ассоциаци хамтран “SMART 2017” Азийн маркетингийн чуулган, “Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX чуулган”-ыг энэ сарын 22-29-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Дээрх арга хэмжээнд бүс нутгийн холбоод, 15 орны дэлхийд болон бүс нутагтаа тэргүүлэгч экспертүүд оролцох аж.

Монголын Маркетингийн судалгааны ассоциацийн ерөнхийлөгч Ч.Даваасүрэн ярихдаа, "Дээрх чуулганы хувьд Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 27 жилийн хугацаанд хийж байгаа анхны томоохон үйл явдал гэж хэлж болно. Ази, Номхон далайн зах зээлийн судалгааны байгууллагуудын IX Чуулганы хувьд “Өсөлтийг хамтдаа хайх нь” сэдвийн хүрээнд болох юм. Чуулганд стратеги төлөвлөлтийн 30 гаруй компанийн 60 гаруй топ эксперт оролцоно. Чуулган “Судалгаатай хөгжье”, “Өсөлтийг ангуучлах нь” гэсэн хоёр хэсэгт болох  бөгөөд дэлхийн 12 улс орны зах зээлийн судалгааны байгууллагын  төлөөлөгчид ирэх юм” гэлээ. 

Австрали, Япон, Солонгос, Хятад, Тайланд, Тайвань, Англи, Голланд, Монголын төлөөлөгчид зах зээлийн судалгаа, стратегийн глобал трэнд, Ази номхон далайн маркетингийн шилдэг туршлагаасаа хуваалцах юм байна.

Дашрамд дурдахад хамгийн анхны чуулган Австрали улсад болж байжээ. Харин энэ жилийнх Монгол Улсад болох гэж байгаагаараа  онцлогтой юм.
Б.Заяа
Связанные новости