Өмнөд Солонгост THAAD системийг байрлуулах ажиллагаа дууслаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2017-09-07 15:52:42
СӨҮЛ. /Yonhap/. THAAD буюу баллистик пуужинг замаас нь амдан устгах дэвшилтэт технологийн системийг улсынхаа өмнөд нутагт суурилуулж дууссанаа Өмнөд Солонгосын БХЯ мэдэгдлээ.

Өмнөд Солонгосын Умард Кёнсан аймгийн Сонжү хошуунд THAAD-ын үлдсэн дөрвөн пуужин харвагчийг өнөө өглөө суурилуулсан байна. Нутгийн хэсэг оршин суугчид үүнийг эсэргүүцэн жагссан аж.

БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мүн Сан Гын мэдэгдэхдээ “Засгийн газар THAAD-ыг байрлуулж дууслаа. Умард Солонгос аюул заналхийлэх нь нэмэгдэж байгаа энэ үед ард түмнийхээ амь нас, аюулгүй байдлыг хамгаалах хүчин чармайлтын хүрээнд БНСУ-ын Засгийн газар энэ системийг Сонжү хошуунд байрлууллаа” гэв.

Өмнөд Солонгосын Засгийн газрын холбогдох албаны хүмүүс байгаль орчны судалгаа явуулсны дараа энэ системийг түр зуур эсвэл байнга байлгах эсэхийг шийдвэрлэх ажээ.
Г.Доржханд
 
 
Связанные новости