Иргэд өрхийн санхүүгийн байдал сайжирна гэсэн хүлээлттэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-06 16:40:21
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Гуравдугаар улирлын “Инфляцийн талаарх иргэдийн хүлээлтийн түүвэр судалгаа”-ны үр дүнгээс үзвэл иргэдийн дунд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш чангарна гэсэн хүлээлт өссөн байна.

Цаашлаад зээлийн хүү бага зэрэг буурах болон эдийн засгийн ерөнхий төлөв сайжрах  эерэг хүлээлт байна.
Инфляцийн талаарх иргэдийн хүлээлтийн түүвэр судалгааг Дэлхийн банкны “CAPI” системд суурилан өнгөрсөн сарын 25- 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотын 7 дүүргийн 799 иргэнийг санамсаргүй түүврийн аргаар сонгож явуулсан байна.

Түүвэр судалгаагаар иргэд инфляцийн түвшинг дөрөвдүгээр улиралд чанарын хариултын хувьд 3.4 хувь, тоон хариултын хувьд 4.1 хувь, мэдрэмжид суурилсан инфляцийн хүлээлтийн хувьд 5.5 хувь байхаар  хүлээж байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн судалгаанд хамрагдсан иргэдийн 96 хувь нь ирэх IV улиралд инфляцийн түвшинг зорилтот түвшинд буюу 8 хувиас  бага байна гэжээ. Мөн иргэдийн дунд цаашид төгрөгийн гадаад валюттай харьцах ханш өнөөгийн түвшинтэй харьцуулбал чангарна гэсэн хүлээлт байгаагаас гадна зээлийн хүү цаашид бага зэрэг буурна гэсэн байна. Улмаар судалгаанд оролцогсод эдийн засгийн ерөнхий төлөв болон өрхийн санхүүгийн байдал сайжирна гэсэн хүлээлттэй байгаа нь судалгаанаас харагдаж буйг албаныхан тодотголоо.

Б.Заяа
Связанные новости