Венесуэлийн ГХЯ Европын орнуудыг буруутгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
bars@montsame.mn
2017-09-05 09:42:26
КАРАКАС./TASS/. Венесуэлийн Гадаад хэргийн яам Венесуэлийн сөрөг хүчний намын тэргүүн Леопольдо Лопесийн эхнэр, иргэний нийгмийн идэвхтэн Лилиан Тинтори-д дэмжлэг үзүүлж байгаатай холбогдуулан Испани, Герман, Итали, Их Британийн засгийн газарт эсэргүүцэл илэрхийлжээ. Энэ тухай даваа гарагт тус яамны тэргүүн Хорхе Арреас мэдээлжээ.

“Бид элчин сайдуудыг дуудан тэдэнд эрс эсэргүүцэж байгаа тухай албан ёсны ноот бичгээ гардуулсан” хэмээн тэр “Venezolana Television” телевизийн эфирээр дамжуулсан хэвлэлийн хурал дээр сайд мэдэгдсэн ба “Дээрх орнуудын Засгийн газар, элчин сайдууд нь Боливарын улсын дотоод хэрэгт байнга оролцож байгаатай холбоотой бид энэ уулзалтыг яаралтай зохион байгуулахад хүрсэн” гэж Х.Арреас онцлон дурджээ.

Түүний хэлснээр, Венесуэл улс тухайлбал, Испани, Итали, ХБНГУ-ын элчин сайд нар 9 дүгээр сарын 2-нд иргэний нийгмийн идэвхтэн Лилиан Тинтори-г Европ руу явах оролдлого хийх үеэр нисэх онгоцны буудал руу дагалдан явсныг буруутган шүүмжилж байгаа ажээ. Гэсэн хэдий ч Л.Тинтори шүүхийн хоригийн улмаас тус улсаас гарч чадаагүй байна. Дипломатуудыг “Л.Тинтори халхавч болгон ашигласан” гэж сайд үзэж байгаа ба учир нь Л.Тинтори өөрийг нь Венесуэлээс гаргахгүй гэдгийг урьдаас мэдэж байсан, тиймээс л шүүхийн хоригийн талаар мэдээлэхийн тулд хэвлэлийн хурал зохион байгуулсан ажээ. Их Британийн элчин сайд тэр үед нисэх онгоцны буудалд байгаагүй ч тус улсын ГХЯ дээрх хязгаарлалтын арга хэмжээг буруутгасан мэдэгдлийг хийжээ.

“Ийм зүйл дахин гарахгүй гэж бид найдаж байна, энэ тухайгаа бид элчин сайд нарт дуулгасан. Хэрвээ ийм зүйл давтагдах юм бол бид илүү дорвитой дипломат арга хэмжээг авч үзэхээс аргагүй” хэмээн Х.Арреас онцлон тэмдэглэжээ.

Өнгөрсөн долоо хоногт иргэний нийгмийн идэвхтэн Л.Тинторигийн унаж явсан машинаас нь 200 сая боливартай /60000 доллар/ хайрцаг илэрсэнтэй холбогдуулан түүнийг шүүхэд сэжигтнээр дууджээ. Үүнээс өмнө Венесуэлийн Ерөнхий прокурор Тарек Вильям Сааб дээрх мөнгөний гарал үүслийг шалган тогтоох шаардлагатай гэж мэдэгдэж байсан юм. Л.Тинторигийн өөрийнх нь хэлж байгаагаар дээрх мөнгө эмээгийнх нь эмчилгээнд зориулагдсан ажээ.
О.Барс 
Связанные новости