АНУ-ын засгийн газрын санхүүжилтийн хуулийн төслүүдийг дахин баталж чадсангүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2025-10-07 12:03:12

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 7 /BBC/. АНУ-ын засгийн газрын санхүүжилтийг үргэлжлүүлэх тухай хуулийн төслүүдийг Конгрессын Сенатын танхим тав дахь удаагаа баталж чадсангүй. Даваа гарагт Ардчилсан нам ба Бүгд найрамдах намын санал болгосон хоёр хуулийн төслийн аль аль нь 60 саналын босгыг давж чадаагүй байна. 


Санал хураалт дахин амжилтгүй болбол олон ажилтныг цомхотгоход хүрнэ гэж Ерөнхийлөгч Доналд Трамп даваа гаргийн өглөө мэдэгджээ. Агентлагуудын санхүүжилт таван хоногийн өмнө дуусах үед холбооны олон мянган ажилтныг амраах юм уу цалингүй ажиллуулахаас өөр аргагүй болсон байна. 


Гэхдээ Д.Трамп мухардмал байдлыг эцэслэхэд нээлттэй байгаагаа илэрхийлээд, эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой шаардлагуудыг тавьж буй Ардчилсан намынхантай тохиролцоонд хүрч магадгүй гэдгээ хэлсэн байна. Харин бүгд найрамдахчууд дан санхүүжилтийн талаарх хуулийн төслийг шаардаж байгаа юм.


Засгийн газрын санхүүжилтийг сунгах тухай Ардчилсан намын санаачилсан хуулийн төслийг даваа гарагт 45-50 саналаар баталж чадаагүй байна. Дараа нь Бүгд найрамдах намын санал мөн 52-42 саналын харьцаагаар батлагдаагүй байна.


Санал хураалтын дараахан Д.Трамп нийгмийн сүлжээгээр дамжуулан Ардчилсан намынхныг засгийн газрын үйл ажиллагаа зогссонд буруутгажээ. Бүгд найрамдах намын санал болгосон хуулийн төслийг орлого багатай америкчуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломжийг хязгаарлаж байна гэж Ардчилсан намынхан үзэж байгаа тул дэмжихгүй байгаа ажээ.


Харин Бүгд найрамдах намынхны зүгээс бичиг баримтгүй цагаачдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхийн тулд засгийн газрын үйл ажиллагааг зогсоосон гэж Ардчилсан намыхныг удаа дараа буруутгаж буйг Ардчилсан намын удирдагчид үгүйсгэж байна. Засгийн газрын үйл ажиллагаа үргэлжилж эхэлсний дараа эрүүл мэндийн асуудлыг тусад нь хууль тогтоомжид тусгана гэдгээ Бүгд найрамдах намынхан мэдэгджээ.

Связанные новости