Монгол Улсад 26 жилийн хугацаанд гадны 13 мянган аж ахуйн нэгж хөрөнгө оруулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-09-04 16:36:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Фронтиер Секьюритис” компаниас уламжлал болгон зохион байгуулдаг “Инвест Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулган “Шангри Ла” зочид буудлын хурлын танхимд эхэллээ.

11 дэх жилдээ болж буй дээрх чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нээж хэлэхдээ, Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсад шинээр орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх уул уурхай болон түүнтэй шууд хамаарал бүхий салбаруудынх байна. Энэ хэрээр манай эдийн засаг олборлох салбараас хэт хамааралтай хэвээр явна. Эдийн засгийн өрөөсгөл энэ бүтэц болон бусад хүчин зүйлээс хамааран өсөлт тогтвортой бус, хэлбэлзэл ихтэйг та бүхэн мэдэж байгаа. Сүүлийн 5-6 жилийн дотор гэхэд эдийн засгийн өсөлт 17.0 хувиас 1 хувь болтлоо эрс унасан бол, энэ оны эхний хагас жилийн байдлаар эргэн сэргэж, өсөлт 5.3 хувьд хүрлээ. Гадаад худалдааны эргэлт, улсын төсвийн орлогын бүрдэлт, инфляцийн түвшин, мөнгөний бодлого зэрэгт олон эерэг өөрчлөлт гарлаа. Гадаад талдаа Монгол Улсад итгэх итгэл эргэн сэргэж, Бизнес эрхлэлтийн орчны индексээр 2017 онд найман байраар урагшиллаа. Үүний нэгэн баталгаа нь энэ удаагийн хөрөнгө оруулагчдын чуулганд оролцогч олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын тоо өмнөх жилүүдийнхээс нэмэгдсэнээс харагдана.

Гадаадын хөрөнгө оруулагчид “Монгол Улс бизнестээ эргэн ирлээ” гэж тодорхойлж буй ийм цаг үед энэ удаагийн чуулган болж байгаад Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч, үр дүн хүлээж байна. Хөрөнгө оруулагчид Та бүхний өмнө Монгол Улс нээлттэй засаглалтай, бизнесийн таатай орчинтой, бизнес хийх зах зээлтэй улс хэвээр байна” хэмээн онцлов.



“Инвест Монголиа” хурлын үеэр хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байгаа “Оюутолгой”, “Тавантолгой” төсөл, Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалт, эдийн засгийн байдлын талаарх сүүлийн үеийн мэдээллүүдийг өгсөн юм. Хоёр өдөр үргэлжлэх тус чуулганаар ОУВС-гийн хөтөлбөрийн ач холбогдол, болон Засгийн газар ГШХО-ыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх арга хэмжээ авч байгаа эсэх, Монголын эдийн засгийн ерөнхий төлөв байдлын талаар хэлэлцэнэ. Мөн Оюу-Толгойн далд уурхай болон бусад томоохон төслүүдийн үйл явц, тэдгээрийн эдийн засагт үзүүлэх ач холбогдол, Нүүрсний экспорт, дэд бүтцийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар санал солилцох юм.

Үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга, Хөрөнгө Оруулагчдын Эрх Ашгийг Хамгаалах Зөвлөлийн дарга Ж.Мөнхбат Хөрөнгө оруулалтын орчин ба Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийн танилцуулгыг хийсэн юм.

Манай улсад 1990-2016 оны хооронд 112 орны 13 мянга гаруй гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж 15 гаруй тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт хийсний 80 хувийг 2008-2012 онд хийжээ. Хөрөнгө оруулалт хийсэн салбараар үзвэл нийт хөрөнгө оруулалтын 72,5 хувь нь уул уурхайн салбарт орсон байна. 2014-2016 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт бүхий аж ахуйн нэгжүүд 38 мянга гаруй ажлын байр шинээр буй болгосны 80 орчим хувийг дотоодын ажилтнууд бүрдүүлжээ. Монгол Улсад хийсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээгээр Нидерланд, БНХАУ, Люксенбург, ИБУИНВУ, Сингапур, Канад, БНСУ болон АНУ тэргүүлж байна.

Хөрөнгө оруулагчдын хувьд бодлогын зөв, тогтвортой, тодорхой орчинд үйл ажиллагаа явуулахыг зорьдог. Өнгөрсөн жилүүдэд хөрөнгө оруулалт саарсан гол шалтгаан нь бодлогын тогворгүй байдал нөлөөлсөн гэдгийг бизнесийнхэн ярьж байна. Харин Засгийн газрын зүгээс хөрөнгө оруулалтын хууль эрхзүйн орчныг сайжруулах, бодлогын тогтвортой байдлыг хангах чиглэлээр анхаарал тавин ажиллаж буйгаа тодотгосон. Тодруулбал 2013 онд батлагдсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг үл ялгаварлан дэмжих зорилгоор хөрөнгө оруулагч нарт татварын болон татварын бус дэмжлэг үзүүлж ирснийг дурдав. Дээрх хуулийн хүрээнд эдийн засаг, нийгмийн чухал ач холбогдол бүхий 6,3 их наяд төгрөгийн өртөг бүхий хөрөнгө оруулалтын 5 төсөлд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан байна. Эдгээр төслүүдийн хүрээнд ирэх 5 жилд 5,2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхээр хүлээгдэж байгаа аж.

Чуулганы үеэр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг авто болон төмөр замын бүтээн байгуулалтад хөрөнгө оруулахыг уриалсан юм. Тэрээр, Монгол Улсын баялгийг зөвхөн олборлоход бус, түүнийг боловсруулах, тээвэрлэхэд хөрөнгө оруулах зах зээл та бүхний өмнө нээлттэй байна. Монгол Улс уул уурхайн салбараа ингэж цогцоор хөгжүүлэх нь тэндээс орж ирсэн орлогоор хүндээ хөрөнгө оруулж, хүнээ болон нийгмийн бусад салбараа хөгжүүлж, тэтгэх зорилготой юм.

Манай улсад эрдэс баялгаас бусад салбарт хамтран ажиллах өргөн боломж бий. Монгол Улс 2030 он хүртлэх урт хугацааны хөгжлийн бодлогын нэг гол зорилтоо эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүргэх явдал гэж тодорхойлсон. Манай Засгийн газар энэ зорилтын хүрээнд хөдөө аж ахуй, дэд бүтэц, аж үйлдвэр, үйлчилгээ зэрэг уул уурхайн бус салбарын хөгжлийг түлхүү дэмжин хөгжүүлэх бодлого баримталж байгаа. Тийм учраас та бүхэн энэ удаа зөвхөн уул уурхай бус, хөрөнгө оруулалтын бусад бодит боломжийн талаар ярилцаж, хамтын ажиллагааны шинэ эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Чуулган Монгол Улсын зээлжих зэрэглэл САА 1 болж буурсан шалтгаан сэдэвт илтгэлээр үргэлжилж байна. Үүний дараа Нэпко хэвлэлийн компанийн ТУЗ-ийн дарга Баабар Төлөвшихөд бидэнд дахиад олон жил хэрэгтэй байна сэдвээр илтгэл тавих юм байна.
Б.Заяа
Связанные новости