Үр тарианы 90.3 мянган га-д ургац алдах урьдчилсан төлөв гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-08-23 14:21:00
Улаанбаатар/МОНЦАМЭ/ Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалтын нөлөөгөөр үр тарианы 90.3 мянган га, үүнээс улаанбуудайн 77.7 мянган га талбайд ургац алдаж буйг Ургацын улсын комиссын хуралдааны үеэр  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн онцоллоо.

Урьдчилсан төлвөөр 15.2 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаанбуудай тариалсан талбайн 74.6 хувийг хурааж, төлөвлөсөн буудайн ургацын 54.3 хувийг, хэрэгцээт гурилынхаа 52.5 хувийг, төмсний 74.5 хувийг, хүнсний ногооны 44.6  хувийг хангахуйц хэмжээний  ургац хураан авах тооцоо гарчээ.

Улмаар 296.5 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсний 64.0 хувь буюу 189.9 мянган га талбайг  дэвшилтэт технологиор  боловсруулсан бөгөөд цэвдэгш боловсруулалтын ажил үргэлжилж байгааг албаныхан хэллээ. 2015 онд ихэнх нутгаар ган нүүрлэж байсан бөгөөд тухайн жилээс 100 гаруй мянган тонноос илүү ургац хурааж байгаа нь чанар сайтай уринш боловсруулж бэлтгэсний үр дүн хэмээн тариаланчид хэлж байна.

Энэ онд улсын хэмжээгээр  393.6 мянган га-д үр тариа, үүнээс 367.2 мянган га-д буудай, 14.9 мянган га-д төмс, 7.5  мянган га-д хүнсний ногоо, 78.2  мянган га-д тосны ургамал, 28.2 мянган га-д тэжээлийн ургамал, 1.9 мянган га-д эмийн ургамал, нийтдээ 524.3 мянга га-д тариалалт хийжээ.

Ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо, 23.6 мянган тонн  тосны ургамал, 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах хүлээлт байна.

Хаврын тариалалтын чанарыг соёололтоор хүлээн авсны үр дүнд 13 аймгийн  84 сумын 1198 аж ахуйн нэгж, иргэдийн 366.9 мянган га улаанбуудайн талбай хамрагдаж, тухайн үед нийт тариалсан талбайн 75.5 хувь нь соёололт сайн гэсэн үнэлгээ авч байжээ. Гэвч тавдугаар сарын 20-ноос 7 сарын 10-ныг хүртэл  тариалангийн ихэнх бүс нутгаар  нийт 40-50 хоног, зарим бүс нутгуудад долдугаар сарын 28-ныг хүртэл 50-60 хоног огт хур тунадас ороогүй, улмаар ихэнх бүс нутгаар агаарын температур 32-41 хэмд хүрч 3-4 удаагийн давтамжтай, 6-10 орчим хоног үргэлжилсэн нарны хэт их халалт явагдсан нь таримал ургамлын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж, улмаар ургацын хэмжээг үлэмж бууруулах гол шалтгаан болсон гэдгийг ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун хэллээ.

 30.0  МЯНГАН ТОНН ҮР НӨӨЦӨЛНӨ

Таримал ургамлын хувьд хамгийн их гантай бүс нутагт  Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймаг бүхэлдээ, Төв аймгийн хойд болон баруун талын тариалан бүхий сумд, Булган аймгийн урд хэсэг хамрагдаж байгаа бол гангийн нөлөөнд алаг цоог нэрвэгдсэн аймагт Архангай, Өвөрхангай, Булган аймгийн баруун тал, Хөвсгөл аймгийн Рашааант, Тариалан, Эрдэнэбулган сумд оржээ. Өнгөрсөн зуны хувьд 5-7 дугаар сард орсон хур тунадас нь зурвас газрыг хамарч аадар хэлбэрээр орж байсан нь тухайн бүс нутгийн зуншлагын байдалд харилцан адилгүй нөлөөлсөн зураг гарсныг салбарынхан тайлбарлав. Ган багатай хэсэгт Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймаг бүхэлдээ, Булган аймгийн зүүн хойд талын сумд хамрагдсан ерөнхий зураглал гарчээ.

Түүнчлэн дараа жилийн тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд  30.0  мянган тонн үр нөөцлөхөөр санал ирүүлсэн бөгөөд дутагдах 30.0 мянган тонн үрийг дотоодын ургацаас авч нөөц бүрдүүлэх шаардлагатай гэдгийг салбарын сайд хуралдааны үеэр тодотгосон.

Ургац хураалтад 1181 комбайн, 513 жатка, 224 үтрэм, 130 гаруй төмс хураах комбайн, 470 цэвэрлэгч, ачигч, сортлогч машин ажиллахаар засвар үйлчилгээ хийгдэж байгаа бөгөөд техникийн бэлэн байдал  82 орчим  хувьтай байгааг дуулгалаа. Мөн ОХУ -аас 10 сая ам.долларын техникийн тусламж эхний ээлжинд ирээд байгаа бөгөөд энэ хүрээнд 35 үр тарианы комбайныг таван жилийн хугацаатай лизингээр тариаланчдад олгох юм байна. 
Ургац хураалтын үед ажиллах  цэргийн албан хаагч, оюутаны захиалга, ургац тээвэрт ашиглах зам гүүрийн эвдрэл гэмтлийн судалгааг орон нутгаас авах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Урьдчилсан балансаар таримлын болц жигд бус, намхан, товчин толгойтой байгаагийн зэрэгцээ 8 дугаар сарын эхэн болон дунд арав хоногт орсон борооны улмаас тариа хэнзлэн ургах, болц удаашрах, улмаар ургац хураалтын ажил сунжирч болзошгүй байгаатай холбоотойгоор ургацыг хаягдалгүй хураах технологийн зөвлөмжийг эрдэмтдийн оролцоотойгоор боловсруулан тариаланчдад хүргэх арга хэмжээг авч байна. 
 
ГУРИЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛД  165.5 МЯНГАН ТОНН БУУДАЙ НИЙЛҮҮЛНЭ
 
Ургацын урьдчилсан балансаар нийтдээ 259.2 мянган тонн буудай үтрэм дээр буух төлөв байгаагаас.  2018 оны тариалалтад зориулан аж ахуйн нэгж, иргэд 30.0 мянган тонн буудайн үр нөөцлөх бөгөөд тэжээлд 20.7 мянган тонн, спиртийн үйлдвэрт 12.9 мянган тонныг зарцуулахаар байна.

Тиймээс  санхүүжилтийн эх үүсвэрийг нь шийдвэрлүүлж дотоодын ургацаас ТЭДС-д 30.0 мянган тонн үрийн буудай худалдан авч нөөц бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, 2018 оны тариалалтад шаардагдах 60.0 мянган тонн үрийг дотоодоосоо бүрдүүлэхээр тооцоход гурилын үйлдвэрлэлд нийтдээ 165.5 мянган тонн буудай нийлүүлэгдэхээр байна.

Манай улсын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас харахад 2017-2018 оны хэрэгцээнээс 154.5 мянган тонн хүнсний улаанбуудай дутагдах төлөвтэй байна.

 
   Буудайн хуваарилалт

д/д Үзүүлэлт буудай мян/тн-оор
1. Хураан авах  ургац  259.2
2. Дараа онд тариалах үрэнд /ААН, иргэд/ 30.0
3. ТЭДС-д үрийн нөөцөд /Улсын төсөв/                                                         30.0
4. Тэжээлд                                                                     20.7
5. Спиртийн үйлдвэрт 12.9
6. Гурил үйлдвэрлэлд            165.5
       
Гурил үйлдвэрлэлт, хангалт

Д/д Үзүүлэлт  мян/тн-оор
1. Ургацаас авах буудай                                                         165.5
2. ТЭДС-гийн буудайн үлдэгдэл 0,0
3. Таваарын буудайн бүгд нөөц                                                                         165.5
4. Хүн амын хэрэгцээт гурил                                                              240.0
5. Шаардагдах буудай  320.0
6. Дутагдах буудай 154.5
                     
                                                                                  Б.Заяа
 
Связанные новости