Алс Дорнодод зорчих анхны цахим визийг есөн орны иргэд авчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
bars@montsame.mn
2017-08-09 11:07:53
МОСКВА./TASS/. Шинэ үйлчилгээний туршилтын эхний өдрүүдэд Алс Дорнодод зорчих цахим визийг бүрдүүлэлт хийх эрхийг есөн орны 90 гаруй жуулчид ашиглажээ. Энэ тухай лхагва гарагт ОХУ-ын Алс Дорнодын хөгжлийн сайд Александр Галушка мэдээлжээ.

“Эхний хоёр хоногт системийн сайтаар дамжуулан гадаадын 90 иргэн цахим визний бүрдүүлэлт хийсэн. Одоогийн байдлаар Хятад, Японы иргэд хамгийн ихээр хандаад байна. өнөөдөр цахим визийг Хятадын 42 иргэн, Японы 38 иргэн аваад байна. Мөн Алжир, Энэтхэг, Иран, Кувейт, Саудын Арави, Сингапур, Тунисийн иргэдэд виз өгөхийг зөвшөөрөөд байна” гэж сайд хэлснийг тус яамны хэвлэлийн албан иш татан мэдээлжээ.

Гадаадын иргэд нэг удаагийн ажил хэрэг, аялал жуулчлал эсвэл хүмүүнлэгийн визний бүрдүүлэлт хийжээ.

Гадаадын иргэдэд зориулсан цахим визний системийн туршилт 8 дугаар сарын 1-нээс Владивостокт далайн боомт, Кневичийн нисэх онгоцны буудал гэсэн хилийн хоёр шалган нэвтрүүлэх цэг ажиллаж эхэлжээ. 8 дугаар сарын 8-наас цахим виз олгох ОХУ-ын ГХЯ-ны тусгай сайт ахжиллаж эхэлсэн байна. Цахим визний хүчинтэй хугацаа 30 хоног ба тус визээр зорчигч ОХУ-ын нутаг дэвсгэр дээр орсон өдрөөс хойш 8 хоногийн хугацаанд байх боломжтой аж. Цахим визээр зорчигч гадаадын иргэд хилээр орсон зөвхөн тэр мужийн нутаг дэвсгэр дээр, өөрөөр хэлбэл Приморийн хязгаар нутагт байхыг зөвшөөрдөг байна. Цахим визээр хил нэвтрэх цэгийг цаашдаа Камчатск, Хабаровск, Сахалины хязгаар нутаг, Чукоткийн автономит тойрогт нээхээр төлөвлөж байгаа ажээ.

Алс Дорнодод хөнгөлөлттэй зорчих визийг одоогийн байдлаар 18 орны иргэд ашиглах боломжтой байгаа юм.
О.Барс 
Связанные новости