Монгол Ганжуурын гүн ухаан сэтгэлгээний хөгжилд монголчууд өөрсдөө хувь нэмрээ оруулж ирсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-07-20 12:43:53
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо хамтран зохион байгуулж буй “Бурхан багшийн айлдвар: Монгол Ганжуурын судалгаа” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ.

Энэхүү хуралд Ганжуур судлаач эрдэмтэд Улаанбаатар хотноо анх удаа чуулж буйгаараа онцлогтой. Тус хурал нь Бурханы шашны их хөлгөн судар Монгол бичмэл, дармал Ганжуурын түгэн дэлгэрсэн байдал, орчуулга, хөрвүүлгийн тухай шинэ мэдээ баримтуудыг эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, Монгол Ганжуурыг түүх, гүн ухаан, хэл шинжлэл, уран зохиолын үүднээс судалсан үр дүнгээр сэдвийн судалгааг баяжуулах, судалгааны цар хүрээг тэлж өргөжүүлэх, олон  улсын эрдэмтдийн хүчин чармайлтыг нэгтгэн цогц судалгаа хийхэд чиглэж байна. 

Энэхүү хуралд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга амжилт хүсч, илгээлт явуулав. Тэрбээр илгээлтдээ, "Монголчуудын олон үеийн соёлын гайхамшигт өв, эрдэм ухааны цар хүрээг илэрхийлэх дурсгал Ганжуурын талаар тусгайлан судалгаа хийж буй та бүхэн нэгэн дор чуулж, Бурхан багшийн айлдвар их хөлгөн судрын чинадад нэвтрэн, номын их чуулган зохион байгуулж байгаад нэн талархалтай байна. Ганжуур, Данжуур их хөлгөн судрыг Монголын Их хаадаас эхлэн үе үеийн эрдэмтэн мэргэд орчуулж, судлан шинжилж, номын утгыг нэвт шүүн ариутгасаар өнөөг хүрчээ. Мөн дэлхийн олон газарт ганжуур, данжуур их хөлгөн судрын хувь, эх хадгалагдаж буйг эрдэмтэн мэргэд судлан үзэж байгаа ч нэгэн дор ийнхүү чуулан хэлэлцэж байгаа нь тус хурлын ач холбогдлыг илэрхийлнэ. Та бүхэнд эрдэм судлалын өндөр амжилт хүсэн ерөөж, Монгол судлалыг цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие онцгойлон анхаарч дэмжин хөгжүүлэхэд та бүхний хувь нэмэр асар их болно. Бид Монголчуудын их өв соёл, түүх уламжлалаа шинжлэх ухааны үндэслэлтэй судлан шинжилж, дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх, олон улсын Монголч эрдэмтдийн хамтын үйл хэргийг улам өргөтгөх болно.Номын цагаан буян дэлгэрэх болтугай” гэжээ.


Хуралд Монгол, ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Унгар, Польш,  Чех,  ИБУИНВУ, ХБНГУ, Япон зэрэг орны  36 эрдэмтэн судлаач илтгэл тавьж хэлэлцүүлж байна.  
 
МУИС-ийн ШУС, Философи, Шашин судлалын тэнхимийн профессор, гавж Т.Галсан: Монгол Ганжуур /Зарлигийн орчуулга/, Данжуур /Шастрын орчуулга/ бол буддын мэдлэг ухааны олон салбарыг багтаасан дорнын ард түмний олон зуун жилийн оюун санааны их бүтээлийн нэгэн охь далай болохыг олон орны эрдэмтдийн бүтээл нотлон харуулсаар өдгөө хүрсэн. Үүний дотор ертөнцийг үзэх буддын бодрол сэтгэлгээ, гүн ухаан, оюун санааны онцлог мөн чанарыг харуулсан “дотоод ухаан” буюу гүн ухааны чиглэлийн зохиолууд Монгол Ганжуурт гол байрыг эзэлнэ. Монголчууд зөвхөн орчуулж хөрвүүлээд зогсоогүй өөрсдөө сурч судлан, өөрсдийн бодрол сэтгэлгээний бүтээлээр баяжуулан цар хүрээ, утга агуулгыг баяжуулах замаар Монгол Ганжуурын гүн ухаан сэтгэлгээний хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн. Ганжуур бол буддын гүн ухааны хоосон чанарын онолын гол зүрхэн судар мөн. Эл судар нь дараа үеийн гүн ухааны үзэл, онол, арга зүйн үндэс болсон.

Варшавын их сургуулийн профессор Р.Бямбаа: Монголчууд Бурхан багшийн зарлигийн цоморлиг Ганжууртай холбоотой олон сайхан үйл хийж бүтээж, ховор нандин ном бүтээл туурвиж ирсэн түүхтэй билээ. Эдгээр сайхан үйл, ном бүтээлийг бүхэлд нь Ганжуурын иш авах, дамжуулах, иш авсан тэмдэглэл хийх, Ганжуур гаднаас залах, Ганжуурын доторх ном орчуулах, гараар бичиж бүтээх, Ганжуур хурах, дуган дацан, Ганжуур эргүүлэх, хүрд хийх, ариутгал, хураангуй зэрэг хэдэн хэсэгт авч үзэж болно. Иймд эдгээр уламжлалаас заримыг сэргээн сурталчлах, ном бүтээлийг нь хэвлэх, орчуулах зэрэг ажлыг хийх нь Ганжуурыг орчуулах болон Ганжуур судлалын судалгааны ажилд маш их тустай.

Японы Отани их сургуулийн эрдэмтэн Такаши Мацүкава: Японд хадгалагдаж буй монгол Ганжуур, Данжуурыг авч үзвэл Бээжин барын монгол Ганжуур Токио дахь Дорно дахины номын санд, Бичмэл монгол Алтан Ганжуур бол Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэнгийн номын санд хадгалагдан буй. Монгол бичмэл Алтан Ганжуур 20 ботитой нэг бичмэл судар болох магадлал өндөр байна. Харамсалтай нь тус бичмэл Алтан Ганжуур Токиогийн их сургуулийн номын санд хадгалагдаж байгаад 1923 онд Кантогийн газар хөдлөлтөөр шатаж алга болжээ. Тус бичмэл Монгол Ганжуур одоо Киото их сургуулийн номын санд хадгалагдаж буй бөгөөд Лигдэн хааны зарлигаар 1628-1629 онд бүтээсэн Алтан Ганжуурын 5 хуулбарын нэг нь байх магадлал өндөр байна.
 
Хурлын хүрээнд маргааш Үндэсний номын санд "Зарлиг эрдэнийн монгол соёл", Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Монголчуудын Ганжууртай холбоотой ном бүтээлийн өв" үзэсгэлэнг тус тус зохион байгуулах юм.

Ж.Болор
 
Гэрэл зургийг Н.Батбаяр
Связанные новости