БНХАУ-ын санхүүгийн орлого эхний хагас жилд 9.8 хувиар өсчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Бээжин /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-ний өдөр БНХАУ-ын Сангийн яамнаас Хэвлэлийн бага хурал зарлаж, энэ оны эхний хагас жилийн санхүүгийн орлого зарлагын байдлыг танилцууллаа. Эхний хагас жилийн байдлаар БНХАУ-ын санхүүгийн орлого 9.4 их наяд юаньд хүрч өмнөх оноос 9.8 хувиар өссөн байна. |
Хэвлэлийн бага хурлын үеэр Сангийн яамны Төрийн сангийн байцаагч Лоу Хун хэлэхдээ “Энэ жилийн хувьд эдийн засгийн үзүүлэлтүүд өмнөх жилээс өссөн нь татварын орлого өсөхөд нөлөөлсөн” гэлээ. Статистик үзүүлэлтээс харахад ердийн болон тусгай тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн татвар 28 ба 20.5 хувиар, авто машины үйлдвэрлэлийн татвар 16.9, цахим үйлчилгээний татвар 58.9 хувиар тус тус өсчээ. Түүнээс гадна орлогын өсөлтөд аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, импортын бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, аж ахуй нэгжүүдийн ашиг орлого болон бусад зүйлүүд нөлөөлсөн байна. Санхүүгийн зарлагын хувьд эхний хагас жилийн байдлаар 10,3 их наяд юаньд хүрч, өмнөх оноос 15.8 хувиар өсчээ. А.Анхбаяр Эх сурвалж: Сангийн яам |