Их-Уул суманд хуурай сүүний жишиг үйлдвэр байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-06-30 14:24:01
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мах сүүний анхдугаар аяны хүрээнд “Монгол драй милк” ХХК хуурай сүүний үйлдвэрийн төслийг санаачилан ажиллаж байна. Төслийн хүрээнд 19 аймгийн 60 суманд өдөрт 1.5 тонн шингэн сүү хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулахаар болсон юм. Тэгвэл эхний жишиг үйлдвэрийг Хөвсгөл аймгийн Их-Уул суманд  ашиглалтад орууллаа.

Тус үйлдвэр нь  1 цагт 80 литр шингэн сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд хүний нөөцийг сургах тоног төхөөрөжмийг суурилуулах ажлуудыг давхар хийж эхэлжээ.  Мөн төслийн хүрээнд нийт 1000-2000 тогтмол ажлын байр шинээр бий болгож 20 гаруй мянган малчин өрхөөс түүхий эд хүлээн авч малчдын орлого нэмэгдэх бололцоотой гэдгийг салбарын яамнаас мэдээллээ.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны ХШҮДАГ-ын дарга Д. Совд хэлэхдээ,  "Орон нутагт  сүүний нөөцийг бүрэн ашиглах, хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, импортыг орлох, улмаар экспортыг нэмэгдүүлэх бодит шаардлагатай бид тулгараад байна. Эдгээр шаардлагад нийцүүлэн сүүний салбарыг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн идэвхи санаачилга, орон нутгийн бодит оролцоо чухал. Төслийн хүрээнд 21 аймагт хуурай сүүний бага, дунд оврын үйлдвэрүүдийг үе шаттай байгуулах их ажлын шанг татаж Хөвсгөл аймгийн Их-Уул суманд жишиг үйлдвэрийн нээлтийг  хийлээ "гэв.

Дээрх төсөл 2017-2025 он хүртэл 8 жилийн хугацаанд  хэрэгжих юм. Энэ онд 19 аймгийн 60 сумдад өдөрт 1.5 тонн шингэн сүүг хуурайшуулах хүчин чадалтай үйлдвэрүүдийг байгуулж орон нутаг, цаашлаад улс орны хөгжилд хувь нэмрээ оруулна. Сүүг  хуурайшуулах нь тээвэрлэлтийн зардлыг 10 дахин хэмнэхээс гадна жилийн дөрвөн улиралд хадгалах боломжийг бүрдүүлж дотоодын сүү үйлдвэрлэгчийг түүхий эдээр хангах боломжтой юм.
Б.Заяа
Связанные новости