П.Батбаатар:Цагдаагийн байгууллага хэвийн хуулийн хүрээнд үүргээ гүйцэтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2017-06-26 21:14:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЦЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа П.Батбаатар өнөөдөр цаг үеийн болон сонгуультай холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр, "Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуультай холбоотой 649 гомдол, мэдээлэл ирснээс 476 буюу 73.3 хувь нь нийслэлд, 173 буюу 26.6 хувь нь орон нутагт шалгаж байна. Улсын хэмжээнд 1983 санал авах хэсгийн хороо ажиллаж байгаа. Цагдаагийн байгууллага долоо хоногийн өмнөөс 24 цагаар хамгаалалтад авсан.

Өчигдөр цагдаагийн байгууллагад нийт 2603 гэмт хэргийн дуудлага ирсэн. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагыг аль нэг намын талд ажиллаж буй мэтээр иргэдэд буруу ойлголт төрүүлж байна. Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтаар аль нэг нам эвсэл холбоод болон нэр дэвшигчийг дэмжсэн, хууль тогтоомж зөрчсөн гэсэн алба хаагч тогтоогдоогүй. Улсын хэмжээнд шалгагдаж буй сонгуультай холбоотой дуудлага, мэдээллийг зохих журмын дагуу шийдээд прокурор, шүүхийн байгууллагад шилжүүлээд байна. Цагдаагийн байгууллага үүргээ хэвийн, хуулийн хүрээнд гүйцэтгэж байна.  



Өнөөдрийн байдлаар сонгуулийн санал авах үйл ажиллагаа будлиантай, луйвартай, цагдаагийн байгууллага аль нэг талыг барьж байгаа гэх мэдээ мэдээлийг зарим улс төрийн хүчнээс өгч байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах хэсгийн хороонд иргэн Т санал өгөхөөр ороход зохион байгуулагч албан тушаалтан давхар хуудас өгсөн. Тэрхүү давхар олгосон хуудсыг сонгуулийн хууль тогтоомжийн дагуу хүчингүйд тооцож хууль зүйн дагуу шийдвэрлэсэн.Үүний дараа АН-ын гишүүн Л.Энхбаяр, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгуулийн байранд бичлэг хийж, давхар саналын хуудас өгч байна гэх мэдээллийг нийтэд цацсан.

Мөн Сонгинохайрхан дүүрэгт “Талх чихэр” ХК-ийн байранд “бусдын гар утас булаасан гэмт хэрэг гарлаа” гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу очиход Л.Мөнхбаясгалан тэргүүтэй сэтгүүлчид өмнөөс нь цагдаагийн байгууллага тус компанийн байранд дайрч орох гэлээ, битүүмжлэх гэж байна, эд зүйлийг нь хурааж авах нь гэсэн худал мэдээллийг ард иргэдэд цацсан.Говь-Алтай аймагт их хэмжээний мөнгө хураагдаад цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. “Талх чихэр” ХК-иас ачигдан гарсан энэхүү мөнгөтэй холбоотой асуудлыг сонгуулийн өдөр сонгууль будлиантай болж буй мэтээр иргэдэд ойлголт төрүүлж байна.

Түүнчлэн өчигдрөөс эхлэн 360 мянга гаруй иргэн давхар бүртгэгдэн, санал өгөх гэж байна гэдэг мэдээлэл цацаж, ард иргэдийг төөрөгдүүлж байна. Үүнийг ОӨУБЕГ-т шалгуулахаар хүсэлт тавьсан. Ингээд шалгаж үзэхэд давхар иргэний үнэмлэх олгогдсон, давхар бүртгэгдсэн гэх тохиолдол бүртгэгдээгүй. Тиймээс цагдаагийн байгууллага аль нэг намын талд ажиллаагүй, хууль журмын дагуу ажиллаж байгаа гэдгийг онцлон хэлье" гэв.



ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Н.Ганбадрал, “Өнөөдөр 18.00 цагийн байдлаар 151 гомдол мэдээлэл ирсэн. Үүнээс сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн, хууль бус эд зүйл тараасан, бүртгэлийн хуудас худалдаж авсан, ухуулагч зодсон зэрэг зөрчил илэрсэн. Цагдаагийн байгууллага аль ч сонгуулийн үйл ажиллагаанд хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж, хуулийн дагуу ажилладаг. Бидэнд аль нэг нам эвсэл, улс төрийн хүчний талд үйлчилсэн зүйл байхгүй хууль тогтоомжид заасан үүргээ гүйцэтгэж өндөр ачаалалтай ажиллаж байгаа энэ үед зарим нэгэн улс төрийн хүчний зүгээс ийм агуулгатай мэдэгдэл гаргаж байгаад харамсаж байна. Цагдаагийн алба хаагчид ард түмнийхээ амар тайван байдлыг хангах, аюулгүй байдлыг хамгаалах чиг үүргээ гүйцэтгэж байна” гэлээ. 

Мэдээллийн төгсгөлд Олимпийн аварга Н.Түвшинбаяр хүн зодсон гэх мэдээлэл олон нийтийн  сүлжээгээр цацагдаад буй. Энэ талаар тодруулахад, "Булган аймагт энэ сарын 24-25-нд шилжих шөнө зургадугаар багийн нутаг дэвсгэрт Найдангийн Түвшинбаяр гэдэг хүн согтуугаар хоёр хүнийг зодсон гэх дуудлага ирсэн. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байна" гэсэн хариулт өглөө.
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр
.
Связанные новости