Петербургийн олон улсын чуулганаар шинэ тутам хөгжиж буй эдийн засгийн асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-06-01 11:25:26
Санкт-Петербург /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Петербургийн Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна.

Өнөөдөр нээлтээ хийж буй тус чуулга уулзалтаар шинэ тутам хөгжиж буй эдийн засаг болоод дэлхийн улс орнуудын өмнө тулгарч байгаа эдийн засгийн асуудлуудыг хэлэлцдэг уламжлалтай билээ.

 Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат чуулга уулзалтын хүрээнд олон чухал уулзалт, хэлэлцээр хийнэ. Тухайлбал, өнөөдөр  Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбатад ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.С.Цыденов бараалхах юм.

Уулзалтад Монголын талаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Б.Дэлгэрмаа, Хүнс, Хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, Эрчим хүчний сайд П.Ганхүү нар оролцоно. Харин ОХУ-ын талаас Буриад улсын Засгийн газрын тэргүүний орлогч И.И.Зураев, Буриадын Үйлдвэр худалдааны сайд А.С.Мишенин нар  оролцох юм байна.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад Евроазийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Т.С.Саркисян бараалхах юм. Уг арга хэмжээнд Монгол улсын Гадаад харилцааны яамны сайд Ц.Мөнх-Оргил, ОХУ-д суугаа элчин сайд, хатагтай Б.Дэлгэрмаа, ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн нар оролцоно.

Өнөөдрийн гол арга хэмжээ нь Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд оролцож үг хэлэх бөгөөд улмаар өргөтгөсөн хуралдаанд оролцох юм. Мөн үдээс хойш Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн төсөв, санхүүгийн зах зээлийн байнгын хорооны дарга С.Н.Рябухин бараалхана. Дараа нь ОХУ-ын Новосибирск мужийн амбан захирагч В.Ф.Городецкийтэй уулзалт хийх юм.
 
/Санкт-Петербург/ Л.Батбаяр
 
 
Связанные новости