Азийн хөгжлийн банк дөрвөн жилийн хугацаанд 1.35 тэрбум ам.долларын санхүүжилт олгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2017-05-31 17:51:07
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөгжлийн банкны /АХБ/ Захирлуудын зөвлөлөөс 2017-2020 онд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх 1.35 тэрбум ам.долларын дэмжлэг бүхий “Түншлэлийн стратеги”-ийг өчигдөр баталжээ.

Уг стратегийн хэрэгжилтийг эхлүүлэх 250 сая ам.долларын санхүүжилттэй бодлогод суурилсан хоёр Зээлийн хэлэлцээрт Монгол Улсын Сангийн сайд Б.Чойжилсүрэн, АХБ-ны Зүүн Азийн газрын захирал Аюуми Кониши нар өнөөдөр гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Энэ сарын 24-нд батлагдсан ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд АХБ-наас нийт 900 сая ам.долларын санхүүжилтийг Монгол Улсад олгохоор тооцоолж байсан. Харин өчигдөр хуралдсан АХБ-ны Захирлуудын зөвлөлийн хурлаар энэ тооцоог 450 сая ам.доллараар нэмэгдүүлж, нийт санхүүжилтийг 1.35 тэрбум ам.доллараар баталсан байна. Санхүүжилтийн дүнг ийн өсгөсөн нь АХБ ирэх дөрвөн жилд Монгол Улстай хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегийг баталсантай холбоотой юм.

Түншлэлийн стратеги нь эдийн засгийн хүндрэлийн үед хүртээмжтэй өсөлтийг хангахад дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой бөгөөд нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн төрөлжилтийг дэмжих дэд бүтцийг хөгжүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг бэхжүүлэх гэсэн гурван чиглэлээр хэрэгжих юм. Түншлэлийн стратегийн хэрэгжих хугацаанд АХБ-аас нэг жилд ойролцоогоор 300 орчим сая ам.долларын зээлийн санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд үүний тал орчим хувь нь бодлогод суурилсан зээл байх аж.

Түншлэлийн стратегийн хэрэгжилтийг эхлүүлэх 250 сая ам.долларын санхүүжилттэй бодлогод суурилсан хоёр Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Сангийн сайд Б.Чойжилсүрэн “АХБ нь Монгол Улсын нийгэм, санхүү, дэд бүтэц, хот төлөвлөлт зэрэг эдийн засгийн бүхий л салбарт бодит үр дүн бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд том хувь нэмэр оруулж ирснийг Засгийн газар өндрөөр үнэлдэгийг тэмдэглэхэд таатай байна. Эдийн засгийн хүнд хэцүү цаг үед тусламжийн гараа сунгаж байгаа АХБ-ны хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье” гэв.



АХБ-ны Зүүн Азийн газрын захирал Аюуми Кониши ““Эдийн засгийн хүндрэлтэй үед хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг хадгалах нь” гэсэн уриа гарчиг бүхий Түншлэлийн стратегийг АХБ баталлаа. Энэ хүрээнд АХБ 1.35 тэрбум ам.долларыг дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад олгоно. Энэ бол том дүн. Гэхдээ Монгол Улсын гол түнш, удаан хугацаанд нөхөрлөсөн байгууллагын хувьд энэ хэмжээний санхүүжилтийг олгох нь зөв гэж шийдсэн хэрэг. Стратегийн урианаас харсан ч эдийн засгийн хүндрэлтэй үед орхих бус харин ч нягт хамтран ажиллана. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих 3 жил Монгол Улсын хувьд хамгийн адармаатай байж болзошгүй. Тийм ч учраас АХБ болон бусад түншүүд Монгол Улстай хамтран, хэрэгцээтэй үед нь дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна” гэлээ. Мөн тэрбээр Монгол Улсын эдийн засгийг дэмжихэд олон улсын байгууллагууд, улс орнуудтай харилцан уялдаа холбоотой ажиллах болон нөхцөл байдалд тааруулан шийдвэр гаргах чадамжтай байх шаардлагатай гэдгийг онцолж байв. 

Гарын үсэг зурах ёслолд байлцсан АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч хатагтай Ёланда Фернандез Ломмен “АХБ нь Монгол Улсын хөгжлийн гол түнш болохынхоо хувьд сүүлийн жилүүдэд хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа ололт амжилтууд дээр тулгуурлан энэхүү Түншлэлийн стратегийг боловсрууллаа. Уг стратеги нь Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдтэй яв цав нийцсэн бөгөөд техникийн нарийн мэргэшил шаардах ярвигтай төслүүд рүү чиглэгдэнэ. Стратегийг боловсруулахдаа ОУВС болон Дэлхийн банктай нягт уялдаатай ажилласан” хэмээлээ.

Бодлогод суурилсан хоёр зээл нь нийгмийн халамжийн хөтөлбөрүүд болон банкны салбарыг сэргээх гэсэн зориулалттай байх юм. Нийт 250 сая ам.долларыг 15 жилийн хугацаатай, 1 хувийн хүүтэй, үүнээс 3 жил нь хүүгээс чөлөөлөгдөх нөхцлөөр олгоно. Эхний санхүүжилт болох 200 сая ам.доллар нь ирэх саруудад, 50 сая ам.доллар нь оны сүүлээр төсвийн дэмжлэг хэлбэрээр орж ирэх аж.

Бодлогын зээлээр санхүүжүүлэх хөтөлбөрүүдийг танилцуулбал:

1. Эхний зээлийн хүрээнд эдийн засгийн хүндрэлийн үед нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 150 сая ам.долларын санхүүжилт бүхий “Нийгмийн халамжийг дэмжих хөтөлбөр-2”-ийг 2 үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Үүний үр дүнд төсвийн удирдлага бэхжихийн зэрэгцээ одоо хэрэгжиж буй 71 нийгмийн халамжийн хөтөлбөрийн давхардал арилж, ядуу, эмзэг бүлгийн зорилтот хүн амд чиглэсэн халамжийг хүргэх боломжтой болох юм.
2. Бодлогод суурилсан хоёр дахь зээлийн 100 сая ам.долларын санхүүжилтыг банкны салбарыг сэргээхэд зориулж, “Банкны салбарыг сэргээх, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх хөтөлбөр”-ийг 1 үе шаттайгаар хэрэгжүүлэх юм. Энэ хүрээнд Засгийн газраас хэрэгжүүлэх банкны салбар дахь бүтцийн өөрчлөлт, дахин хөрөнгөжүүлэхийг дэмжиж, чанаргүй зээлийг бууруулах, банкны салбарын зохицуулалт, хяналт шалгалтыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Энэхүү үйл ажиллагааны хүрээнд банкны салбарыг сэргээх төлөвлөгөөг Засгийн газрын зүгээс хэрэгжүүлэх бөгөөд чанаргүй активын зохист удирдлага, борлуулалтыг хангах юм. Мөн зээлийн хөрөнгөөр Активын удирдлагын компани байгуулахаар төлөвлөж байна.


Азийн хөгжлийн банкны тухайд,


Филиппин Улсын Манил хотноо төвтэй АХБ нь Ази-Номхон далайн бүс нутагт эдийн засгийн хүртээмжтэй, байгаль орчинд ээлтэй тогтвортой өсөлт болон бүс нутгийн интеграцчлалыг дэмжих замаар ядуурлыг бууруулах зорилготой ажилладаг. Анх 1966 онд байгуулагдсан тус банк нь бүс нутаг дахь хөгжлийн түншлэлийн 50 жилийн түүхт ойгоо тэмдэглэж байна. АХБ-ны нийт 67 гишүүн орны 48 нь тухайн бүс нутагт оршдог. 2016 оны байдлаар АХБ-наас хөгжиж буй гишүүн орнууддаа үзүүлсэн нийт тусламжийн хэмжээ 31.7 тэрбум ам.доллар байгаагаас 14 тэрбум ам.долларыг хамтын санхүүжилтээр олгосон байна.

Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ

Связанные новости