Өнгөрсөн сард 1334 иргэн ипотекийн зээл авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2015-10-28 18:24:38

Арилжааны банкууд  өнгөрсөн сард нийт 1334 иргэнд 78.2 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ.

Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 3319.7 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 74 мянга 848 болсон байна. Есдүгээр сард олгосон ипотекийн зээл наймдугаар сараас 28.5 хувиар өссөн ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 15 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн жилийн өсөлтийн хурдыг өмнөх сартай харьцуулбал 1.2 нэгж хувиар, оны эхнээс 20.0 нэгж хувиар, өмнөх оны мөн үеэс 35.8 нэгж хувиар буурчээ. Зээлийн хугацаагаар нь ангилбал нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн дийлэнх нь буюу 68.2 хувь нь 16-20 жилийн хугацаатай олгожээ. Харин 2.1 хувь нь хамгийн бага буюу 1-5 жилийн хугацаатай олгосон байна. Өнгөрсөн сарын байдлаар ипотекийн зээлийн 2.1 хувь нь хугацаа хэтэрсэн, 0.6 хувь нь чанаргүй зээл байгааг албаныхан хэллээ.

Шинээр олгосон зээлийн 75.2 хувь нь буюу 58.8 тэрбум төгрөг нь 8 хувийн зээлийн эх үүсвэрээс олгосон бол үлдсэн 19.4 тэрбум төгрөг нь банкуудын өөрийн эх үүсвэрээс санхүүжигджээ.

 Б.Заяа

Связанные новости