Ханс Дийтмар Швайсгут: Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг эерэгээр харж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-24 19:00:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Европын холбоо  байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсад “Европын өдөр” арга хэмжээг анх удаа зохион байгуулж байна. Энэ талаар Европын холбооноос Монгол, БНХАУ-ыг хавсран суугаа Элчин сайд Ханс Дийтмар Швайсгут мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Европын холбоо байгуулагдсан цагаасаа Монгол Улстай харилцаагаа бэхжүүлэх чиглэлд олон ажил хийж ирсэн. Европын холбооны хувьд Монгол Улсын хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, улам бүр бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Үүний нэг илрэл нь “Европын өдөр” арга хэмжээ юм. Цаашдаа энэхүү өдрийг Монгол Улсад жил бүр тэмдэглэн өнгөрүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ” гэлээ.
Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Монгол Улс болон Европын холбооны харилцаа ямар түвшин байна гэж та үзэж байна вэ?

-Европын холбоо болон Монгол Улсын хооронд Түншлэл, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан. Энэ гэрээний хэрэгжилтийн явцад улс төр, эдийн засаг, энхийг сахиулах болон олон улсын хөгжлийн чанартай асуудлууд зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагаагаа олон чиглэлээр хөгжүүлж байна. Хоёр талд ижил төстэй олон зүйл бий. Тухайлбал, ардчилсан үнэт зүйлс, нээлттэй нийгэм, хүний эрхийг хангах зэргийг дурдаж болох юм.

-Хоёр талын харилцаанд тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ. Үүнийг шийдвэрлэх гарц, гаргалгааг нь та хэрхэн харж байна?

-Эдийн засгийн хамтын ажиллагаа буюу гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцлийг өргөжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Үүнд төдийлөн бэрхшээл үүсэхгүй байх гэж бодож байна. Европын холбооны гишүүн орнуудын хувийн хэвшлийн компаниуд бусад улсад хөрөнгө оруулалт хийхдээ хууль эрх зүйн орчин, бизнесийн боломж, экспортыг дэмжих бодлогыг  голчлон хардаг. Монгол Улсын Засгийн газар бизнесийн орчныг сайжруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа нь хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахад дэм болно гэдэгт итгэж байна. Тиймээс манай холбооны зүгээс гадаад худалдаагаа хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах төсөл, хөтөлбөрүүдээ боловсруулж байна.

-Монгол Улс эдийн засийн хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа тул ОУВС-тай хамтран ажиллах болсон. Европын холбооны зүгээс Монгол Улсад тодорхой дэмжлэг, туслалцаа үзүүлэх боломж бий юу?

-Монгол Улсад тулгамдаж буй эдийн засгийн хүндрэл богино хугацааных гэж харж байгаа. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг бид эерэгээр харж байна. Цаашдаа эдийн засгаа бэхжүүлэх боломж Монголд бий. Тухайлбал, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнэ өсөх хандлагатай байгаа. Энэ нь Монголын эдийн засгийг өсөхөд хөшүүрэг болох байх. Монгол Улсын төсвийн алдагдлыг нөхөх асуудал Европын холбоонд яригдаагүй. Бид дунд болон урт хугацаанд Монголын санхүүгийн нөхцөл байдал, төсвийн менежментийг боловсронгуй болгох чиглэлд өөрсдийн арга туршлагаасаа хуваалцана. Мөн ажил эрхлэлтийг сайжруулах чиглэлд анхаарч байгаа. Дээр дурдсан хоёр чиглэлээр ойрын өдрүүдэд төсөл хэрэгжүүлэх асуудлыг ярилцана. Эдгээр төслүүдийг нарийн тодорхойлсны дараа буюу ирэх оноос төсөвт дэмжлэг үзүүлэх асуудлыг хөндөнө.

Ч.Ариунболд
Связанные новости