Монгол Улс “Бүс ба зам”-ын дагуух далайд гарцтай орнуудаар дамжин худалдаа хийх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2017-05-20 12:34:26
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Бүс ба зам”олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний форум тавдугаар сарын 14-15-нд Бээжин хотод болж өндөрлөв. Энэ нь “Бүс ба зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш дөрвөн жилийн  хугацаанд болсон өндөр дээд хэмжээний форум юм. 

29 орны төрийн тэргүүн, НҮБ, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллага, эрдэмтэн судлаач, аж ахуйн нэгж, санхүүгийн байгууллага, хэвлэл мэдээлэл зэрэг 1200 гаруй төлөөлөгч оролцсон АПЕК-ийн дээд түвшний уулзалт, Ханжоугийн “Их-20”-ийн дээд түвшний уулзалт зохион байгуулсны дараа орох том арга хэмжээ юм.

БНХАУ-ын дарга Ши Жинпин “Торгоны замын эдийн засгийн бүс” байгуулах санаачилгыг 2013 оны 9 дүгээр сард Төв Азийн орнуудад айлчлах үеэрээ, мөн “21-р зууны далайн торгоны зам” байгуулах санаачилгыг 2013 оны 10-р сард Зүүн өмнөд Азийн орнуудад айлчлах үеэрээ дэвшүүлсэн.

Энэ хоёр санаачилгыг нэгтгэн “Бүс ба зам” санаачилга гэж нэрлэх болсон юм. Дээрх санаачилгыг дэвшүүлэх болсон шалтгаан нь тус улсын эдийн засгийн хөгжлийн дотоод шаардлагатай холбоотой. Ялангуяа хөгжлөөр хоцронгуй байгаа баруун бүсээ өөд нь татах, экспортын зах зээлээ өргөтгөх, хуримтлуулсан асар их хэмжээний валютыг эргэлтэд оруулах, нефть, уул уурхайн баялгийн найдвартай эх үүсвэрийг олшруулах зэрэг ач холбогдолтой юм. “Бүс ба зам”-ын хүрээний хамтын ажиллагааны гол агуулга болох бодлогын зохицуулалт, дэд бүтцээр холбогдох, саадгүй худалдаа, санхүүгийн интеграци, иргэд хоорондын хэлхээ холбоо зэрэг байна гэж тодорхойлсон байдаг.

Хэдийгээр Хятад улс анх санаачилсан ч одоо дэлхий нийтийн нэгдсэн ойлголт болон хувирч, дэлхийн 30 гаруй орон хамтран ажиллаж байна. Тухайн үедээ Хятадын дотоодын зарим иргэд нь энэ төсөл тус улсад ер нь ямар ашиг авчрах талаар эргэлзэнгүй өнгө аястай байр сууриа илэрхийлж,  Америк, Канад, Англи, Герман, Франц, Япон зэрэг орнууд бүр эсэргүүцэж байсан бол өдгөө өөрсдийн төлөөлөгчдөө оролцуулсан нь тус санаачилгын ач холбогдлын талаарх байр суурь эерэг тал руугаа эргэснийг харуулна. НҮБ болон түүний аюулгүй байдлын чухал шийдвэрт хүртэл уг санаачилгыг  дурдсан байдаг.

БНХАУ-ын дарга Ши Жинпин форумыг нээж хэлэхдээ, Хятад улс Торгоны замын санд шинээр 100 тэрбум  юанийг  нэмж, Хятадын Хөгжлийн банк, Экспорт импортын банкуудаас тус бүр 250 тэрбум, 130  тэрбум юанийн тусгай зээлийг дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэрлэл, банк санхүүгийн хамтын ажиллагаанд нийлүүлж, ирэх 5 жилд зам дагуух орнуудаас 2 их наяд юанийн импорт хийнэ. Мөн ирэх 5 жилд 2500 залуу эрдэмтнийг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд хамруулж, шинжлэх ухаан технологи менежментийн мэргэжлээр 5000 хүнийг сургаж, хамтарсан 50 лабораторийг ашиглалтад оруулна." гэв.

 “Бүс ба зам” -ын дагуу оршдог Монгол Улсын хувьд дээрх тоо баримт хамгийн их хамаатай гэж бодож байна. Ерөнхий сайдын айлчлалын үеэр зурсан  шинжлэх ухаан технологийн инновацийг хөгжүүлэх, залуу эрдэмтдийг урт богино хугацаагаар сургах гэх мэт зарим баримт бичгүүд ч дээрхтэй тоо баримттай уялдаж байгаа болов уу.

“Бүс ба зам”-ын бүтээн байгуулалтууд өмнө нь дэд бүтэц дээр төвлөрч байсан бол цаашид харин худалдааны салбарт түлхүү өрнөхөөр болсон байна. Үүнийгээ дагаад хөрөнгө мөнгө их шаардагдана. Тэгэхээр банк санхүүгийн хамтын ажиллагаа улам өргөжинө гэсэн үг.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус форумд оролцох үеэр ССТВ телевиз-д ярилцлага өгөхдөө,”БНХАУ-ын дарга Ши Жинпин дэлхийн хөгжилд ганцаараа гоцлол хөгжим тоглохгүй, олуулаа найрал хөгжим тоглоё” гэсэн. Тэгвэл Монгол Улс үндэсний зэмсэг болох “морин хуур” хөгжмөө аваад тоглох болно.  Тэгэхээр энэхүү “морин хуур”-аа бусад хөгжмийн зэмсгүүдтэй хэрхэн өнгө ая тааруулан тоглох нь хамгийн чухал болж байна" хэмээв.

Хэдийгээр манай улс  газарзүйн байршлын хувьд Европ, Азийг холбосон чухал зангилаа дээр байгаа ч далайд гарцгүй, дэлхийн хөгжиж байгаа 32 орны нэг юм.  Тэгвэл зөвхөн Тяньжин гэлтгүй  “Бүс ба зам ”-ын дагуух далайд гарцтай орнуудаар дамжиж худалдаа, транзит тээвэр хийж болох гэрэл гэгээ харагдаж байгаа юм.

Нөгөө талаас, Монгол Улс Орос, Хятад хоёр гүрний дунд байрлах газарзүйн давуу тал нь энэ хоёр оны хооронд транзит худалдаа, ложистик, тээвэрлэлтийг нэмэгдүүлэх боломж олгож байгаа юм. Дээр нь Хятад  улс үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнээ гаргах аварга том зах зээл хэмээн харж байна.

"Бүс ба зам" санаачилгын нэг хэсэг нь болж түүнтэй өөрсдийн “Хөгжлийн зам”-ыг оновчтой уялдуулж, томоохон төслүүдээ урагш хөдөлгөж, өөрсдийн газарзүйн давуу талаа ашиглаж, эдийн засгаа хямралаас гаргах нь чухал.
Б.Мөнхтуул



 

Связанные новости