Ц.Цэрэн: Монгол Улс нийт хэрэглээнийхээ 4.3 хувийг л сэргээгдэх эрчим хүчээр хангадаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-17 13:34:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний салбарт ирэх жилүүдэд хэрэгжүүлэх томоохон төсөл хөтөлбөрүүдийг олон нийтэд танилцуулах, хөрөнгө оруулалт татах зорилго бүхий “Энержи Монголиа 2017” олон улсын хурал өнөөдөр эхэллээ.

ЭХЯ, Эрчим хүчний хөгжлийн төв (ЭХХТ) хамтран зохион байгуулж буй уг хурал маргааш буюу энэ сарын 18-ныг дуустал үргэлжлэх бөгөөд Монгол, ОХУ, БНХАУ, АНУ, ХБНГУ болон Швейцарь, Тайланд зэрэг орны 52 аж ахуйн нэгж байгууллагын 300 гаруй төлөөлөл оролцож байна.

Засгийн газрын 2020 он хүртэлх мөрийн хөтөлбөрт Эгийн гол, Ховд голын усан цахилгаан станц, Тавантолгойн болон Төвийн бүсийн цахилгаан станц барихаар тусгасан бөгөөд одоогоор ТЭЗҮ боловсруулж, гүйцэтгэгчээ сонгон шалгаруулах ажлыг эхлүүлээд байгаа юм. Эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлбэл дотоодын эрчим хүчний хэрэглээгээ бүрэн хангах, боломж бүрдэнэ хэмээн ЭХЯ үзэж байгаа юм. Улмаар Шивээ-Овоо, Тэвшийн говь болон Хашаат цавын нүүрсний орд, говийн нарны эрчим хүчний нөөцийг ашиглан экспортлох боломж бүрдэнэ хэмээн үзэж байгааг Эрчим хүчний сайд П.Ганхүү онцлов.

Тэрбээр, “Засгийн газар ирэх дөрвөн жилд бодлогоо тогтвортой байлгах боломжтой. Засгийн газрын бодлого тогтвортой байснаар аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид үйл ажиллагааны төлөвлөгөөгөө урт хугацаанд гаргах боломжийг бүрдүүлдэг. Монгол Улс эрчим хүч экспортлох зорилт тавин ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд Азийн орнуудын эрчим хүчний сүлжээ байгуулах олон санаачлага гаргаж байна. Тухайлбал, ОХУ-ын “Азийн супер цагираг”, БНХАУ-ын санаачилсан “Бүс ба зам”, Япон, БНСУ-ын хамтарсан “Азийн супер сүлжээ” зэрэг санаачлага байна. Мөн Монгол Улс ч Говьтек санаачлага гарган ажиллаж байгаа юм. Дээрх санаачлагуудад Монгол Улсын оролцоог тодорхойлох, төр, хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өнөөдрийн хурал томоохон нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Хурлын үеэр ЭХЯ, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв (СЭХҮТ), “Монхорус Интернэшнл” компани зэрэг байгууллагуудаас эрчим хүчний салбарын ирээдүйн хөгжлийн талаар илтгэл хэлэлцүүллээ.

Тухайлбал, ЭХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Чимэддорж энэ онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг танилцуулав. Энэ онд ТЭЦ III-т 250 мВт, Дорнодын цахилгаан станцид 50 мВт-ийн өргөтгөл хийхээр төлөвлөсөн бөгөөд төслийг хэрэгжүүлэх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах аж. Түүнчлэн Дархан, Эрдэнэтийн цахилгаан станцид 35 мВт өргөтгөл хийх ажлыг үргэлжүүлэх аж. Сэргээгдэх эрчим хүчний хувьд  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 50 мВт-ийн салхин цахилгаан станц энэ оны 11 дүгээр сард ашиглалтад орно. Дорноговь аймгийн Сайншандад 50 мВт-ийн төсөл эхлүүлэхээр төлөвлөж, хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байгааг илтгэлдээ дурьдлаа.

Мөн СЭХҮТ-ийн Захирал Ц.Цэрэн “Сэргээгдэх эрчим хүч Монгол орон” сэдвээр илтгэл тавив. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд хоёрт буюу Канадын дараа ордог. Монголын урд хэсэг буюу говь нутгаар нар болон салхины нөөц ихтэй. Бүрэн ашиглаж чадвал жилд БНХАУ-ын хэрэглээний 92.5 хувьтай тэнцэхүйц эрчим хүч үйлдвэрлэх боломжтой аж. Одоогоор Монгол Улс нийт хэрэглээнийхээ ердөө 4.3 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа юм. Энэхүү хэрэглээг 2020 онд 20 хувь, 2030 онд 30 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Тухайлбал, Эгийн гол, Ховд голын усан цахилгаан станц, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 50 мВт-ийн салхин цахилгаан станц зэргийг төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж. 2016 онд ЭХЗХ-ноос 29 байгууллагад эрчим хүч үйлдвэрлэх зөвшөөрөл олгосон байна. Үүнээс 6 нь уламжлалт буюу нүүрс, 23 нь сэргээгдэх эрчим хүчний чиглэлийн төсөл хөтөлбөр байгаа аж. Энэ бүхнээс үзэхэд манай улс дэлхийн ирээдүй болох сэргээгдэх хүчний үйлдвэрлэлд ихээхэн ач холбогдол өгч байгаа юм хэмээн илтгэлдээ онцолсон юм.

Мөн үеэр Монхорус Интернэшнл компанийн Эрчим хүч, дэд бүтэц хариуцсан захирал Б.Батлхагва Дэлхийн эрчим хүчний техник технологийн хөгжил, цахилгаан хангамжийн дэвшилтэт шийдлүүдийн талаар илтгэл тавилаа. Дэлхийн улс орнууд ухаалаг эрчим хүчний системд шилжиж эхэлснийг тэрбээр онцлоод, “Дэлхий нийт эрчим хүч хадгалах төхөөрөмж, микро сүлжээ буюу зөөврийн чингэлэг, барилгад угсарах боломжтой төхөөрөмж зэргийг нэвтрүүлж эхэлсэн. Бид энэ мэт байгаль орчинд ээлтэй эрчим хүч үйлдвэрлэх, түгээх системд шилжих ажлыг одооноос цаг алдалгүй эхлүүлж, олон улсын стандартыг нэвтрүүлэх шаардлагатай байна. Гэтэл одоо хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын бүх төсөл, хөтөлбөрүүд ухаалаг системийн шаардлагыг хангахгүй байгаа юм” гэлээ.

Дээрх илтгэлүүд болон оролцогчдоос гарах санал, дүгнэлтүүдийг нэгтгэн Зөвлөмж боловсруулж, Засгийн газарт хүргэх аж. Уг зөвлөмжийг салбарын яам болон Засгийн газар ирээдүйн бодлого төлөвлөгөөндөө ашиглах юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Связанные новости