Оюутолгой зэрэг томоохон орд газрын эрчим хүчийг дотоодоос хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
mn_tuul@montsame.mn
2017-05-10 20:29:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сангийн яам, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд байгуулах “Туул голын дээгүүрх Баянзүрхийн 321 у/м болон Сонсголонгийн 289 у/м төмөр бетон гүүр шинээр барих”, “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төслийн Тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслүүдийг хэлэлцэн дэмжлээ.

Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хооронд 2015 онд байгуулсан нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээс 118 саяыг нь “Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих” төсөлд зарцуулах юм. Уг хэлэлцээрийг байгуулснаар Оюутолгой, Тавантолгой, Цагаансуварга зэрэг томоохон орд газрыг эрчим хүчээр хангахаас гадна Тавантолгой цахилгаан станц ашиглалтад орсон нөхцөлд хоёр талын эх үүсвэртэй болно гэж Засгийн газар тооцоолж байна.

Туул гол дээр барих Баянзүрхийн гүүр нь 1963, 1965 онд ашиглалтад орсон учир автозамыг өргөтгөж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах юм. Харин Сонсголонгийн гүүртэй холбогдож байгаа замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөхөөр төлөвлөж байна.

Ард нийтийн санал асуулгын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэцэн дэмжиж, Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Тухайн хуульд “санал асуулгыг сонгуулийн санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө товлон зарлана” гэсний “65-аас доошгүй” гэсэн хугацааг “21-ээс доошгүй” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан байна. Хуульд өөрчлөлт оруулж Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулгыг Ерөнхийлөгчийн сонгуультай хамт зохион байгуулснаар төсвөөс гарах зардлыг бууруулж, хэмнэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзлээ.

Богдхан уул, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолборыг тохижуулна

Улсын тусгай хамгаалалттай газарт иргэдийн ая тухтай амрах орчныг бүрдүүлэх, Богдхан ууланд түймэр гарах зэрэг болзошгүй аюулын үед түргэн тусламж, онцгой байдлын албаны машин саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх бодит шаардлага байгааг Байгаль орчны сайд Д.Оюунхорол Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Энэ дагуу Богдхан уул орчмын автозамыг өргөтгөх, автозам болон дугуйн зогсоол, нийтийн бие засах газар болон үйлчилгээний төвүүдийг стандартад нийцүүлэн бий болгохыг энэ ондоо багтаан дуусгахыг сайдад даалгалаа.

Түүнчлэн Богдхан уулаас гадна, Горхи-Тэрэлж, Хөвсгөл нуурын цогцолбор газарт мөн ийм аялал жуулчлалын бүс байгуулж, тохижуулахыг г холбогдох сайд, Засаг дарга нарт даалгалаа. 

Хөрөнгө оруулалтын менежментийн компани байгуулахаар болов

Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төслүүдийг санхүүжилтээр хангах хөрөнгө оруулалтын сангууд байгуулах зорилго бүхий хөрөнгө оруулалтын менежментийн компанийг Монгол Улсын Хөгжлийн банкны охин компани хэлбэрээр үүсгэн байгуулж, дүрмийг нь батлахыг банкны Төлөөлөн Удирдах зөвлөлийн даргад даалгалаа.Хөрөнгө оруулалтын сан байгуулснаар уул уурхай, хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлд суурилсан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болгож, энэ хүрээнд ажлын байр нэмэгдэх зэрэг давуу талтай гэж Засгийн газар үзлээ. Богино хугацаанд зээлийн төлбөрийн эрсдэл бий болж, санхүүгийн салбарт болон Хөгжлийн банкны багцад байгаа зээлүүдийн эргэн төлөлтөд энэ хэмжээгээр эрсдэл үүсэх магадлал бий болоод байна. Цаашид нийгмийн дундаж давхаргыг тэлэх, хуримтлал нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үүн дотор хөдөө аж ахуй, хүнс, хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарын экспортыг дэмжих, уул уурхайн салбарын дэд бүтцийг сайжруулах, эдийн засгаа төрөлжүүлэх шаардлагатай байгаа учир Хөрөнгө оруулалтын сан байгуулахаар болжээ.

Связанные новости