Маркетингийн салбарынхан “Үнэт зүйлсээ хуваалцъя” уриан дор чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-05-09 15:33:11
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Маркетингийн холбооноос “Нийгмийн Маркетинг 2017” форумыг  хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
 
Форумыг Блью скай зочид буудлын хурлын танхимд энэ сарын 12-нд зохион байгуулах юм. “Үнэт зүйлсээ хуваалцъя” гэсэн уриан дор зохион байгуулах тус форумын зорилго нь байгууллагуудын үйл ажиллагааг нийгмийн хариуцлагатай болгох, үүгээр дамжуулан нийгмийн маркетинг хийж, өрсөлдөгчдөөсөө ялгарах, нийгэмд тулгарч буй асуудлуудыг шийдэх нийгмийн энтерпрайзыг хэрхэн байгуулж, удирдан ажиллах болон филантропиг жинхэнэ утгаар нь  хөгжүүлэх талаар мэдлэг, мэдээлэл олгох юм байна.

Монголын Маркетингийн холбоо нь Монголын маркетингийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тогтоогч, хамгийн анхны мэргэжлийн байгууллагуудын нэг гэдгээрээ онцлогтой юм. Форумын агуулга нь байгууллагын нийгмийн маркетинг,  Байгууллагын нийгмийн хариуцлага, филантропи, нийгмийн энтэрпрайз гэсэн үндсэн 4 сэдвээс бүрдэх юм байна.

Амжилттай явж байгаа бизнесийн байгууллагууд нийгэмд тулгамдаж буй тодорхой нэг зүйлд гаргалгаа гаргаж, бизнесийн ашгаасаа сан бүрдүүлэн, төрийн бус байгууллага байгуулан ажиллах замаар асуудлыг агуулгаар нь шийдэхийг  филантропи гэдэг.

Харин нийгмийн энтэрпрайз гэдэг нь компани дотроо “ашгийн төлөө” ба “ашгийн бус” гэсэн хоёр төрөл байна. Ашгийн төлөө байгууллага нь бизнесийн үйл ажиллагаа явуулж, олсон ашгаа хэсэгчилэн нийгмийн сайн сайханд зарцуулдаг. Хоёр дах төрлийн хувьд, бизнесийн анхны модель нь нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн байдаг. Тэд ашигтай ажиллаад ашгаа өөрсдөө авч болно. Нийгмийн хариуцлагатай байна гэдэг нэг талаас бизнесийн боломж, нөгөө талаас нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх гол түлхүүр гэдгийг зохион байгуулагчид нь онцоллоо.
 Б.Заяа
Связанные новости