Барилгын салбарын уналт барилгачнаас шалтгаасан
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийгэм эдийн засгийн байдлаас гадна барилгачин өөрөө бүхнийг хийх гэж байгаад өнөөдрийн барилгын салбарын уналт бий болсон гэж МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав хэлэв.
Жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг “Барилга ЭКСПО-2017” олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “Мишээл экспо”-д болов. Ес дэх жилдээ болж буй үзэсгэлэнд 85 байгууллага, 200 гаруй аж ахуй нэгж, 40 гаруй орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, барилгын материал үйлдвэрлэгч, байгальд ээлтэй ногоон барилга, дэвшилтэд технологи нэвтрүүлэгчид оролцож байна.
Дотоодын барилгын зах зээлд хямд, тансаг зэрэглэлийн орон сууц гэсэн хоёр төрлийн орон сууц борлогдож байна. Үзэсгэлэнгийн үеэр банкууд иргэдэд хямд үнэтэй орон сууц санал болгож байв. Хамгийн хямд үнэтэй орон сууц гэхэд метр кв нь 1 сая 250 мянган төгрөг байв.
“Нийгмийн даатгалын сангийн хуримтлагдсан хөрөнгийг ипотекийн зээл рүү оруулах талаар “Ирээдүйн тэтгэврийн сангийн тухай хууль”-д тусгасан. Гэтэл 2016 оны есөн сард уг хуулийн ипотекийн зээлтэй холбоотой хэсгийг зогсоосноос орон сууцны борлуулалт буурсан.
2014 оноос хойш барилгын салбар дээрдэхгүй байсан ч энэ оны эхний гуравдугаар улирлын байдлаар эдийн засаг эргэх төлөв ажиглагдсан. Гэсэн ч орон сууцны зээлийн эрэлт муу хэвээр байна. Мөн ипотекийн зээл 2016 оноос буурч эхэлснээр энэ салбарын 100 гаруй аж ахуй нэгж хүнд байдал орсон. Иймд ипотекийн зээлийг эргэж олгосноор гацаанд орсон олон барилгын компаниуд ажилтай болох боломжтой. Түүнчлэн гаднаас орж ирсэн санхүүжилтийг барилга барьж байгаа компаниудад зээлээр биш зөвхөн ипотекруу оруулснаар барилгын салбар хөгжих боломж байна” хэмээн "Барилга ЭКСПО-2017”-г зохион байгуулах комиссын дарга Г.Батсүх ярив.
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Барилгын салбар ид хөгжиж байх үед банкууд барилгачидтай санхүүгийн зарчим баримтлалгүй гэрээ хийсэн. Банк барилгын компанийг санхүүжүүлж дараа нь өөрсдөө мөнгө угаадаг. Үүнд дотоодын барилгачид өртөж одоо шүүхийн шатанд явж байна. Барилгын компани ямар ч ашиггүй, зөвхөн санхүүжүүлэгч банкинд л ашигтай гардаг. Түүнчлэн барилгын салбар уналтад орсон гол шалтгаан нь барилгачин бүхнийг өөрөө хийх гэж яваад өнөөдрийн салбарын уналт бий болсон. Тэд барьсан барилгынхаа санхүүжилт, борлуулалтыг мэргэжлийн байгууллагуудаар зайлшгүй хийлгэх шаардлагатай” гэв.
Энэ сарын 28-30 өдрүүдэд “Орон сууц, ногоон барилга”, ирэх сарын 5-17 өдрүүдэд “Барилгын дэвшилтэт технологи” гэсэн хоёр үндсэн чиглэлээр “Барилга ЭКСПО-2017” үргэлжилнэ. Барилгын үзэсгэлэн худалдаанд иргэд идэвхтэй оролцож, худалдан авалт хийснээр барилгын салбарт оруулж байгаа томоохон хөрөнгө оруулалт болохыг албыхан хэлж байна.
Т.Есүхэйтөмөр